Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Киргиз улсад амьдрахаар шийдсэн монгол ГЭР БҮЛ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. 

Тус айлчлалын хүрээнд Киргиз-Монголын хамтарсан бизнес форумыг өчигдөр зохион байгуулсан юм. 

Энэ үеэр танилцсан сонирхолтой зочдыг танилцуулж байна. Тэд гэр бүлээрээ Бүгд Найрамдах Киргиз Улсад ажиллаж, амьдрахаар шийдсэн бөгөөд энд ирээд хоёр сар болсон тухайгаа хэлж байлаа. 

Киргиз улсад амьдрах тэдний шийдвэрийн тухай тодруулснаа хүргэж байна. 



Эхнэр Д.ПүрэвцэрэнБидэнд нэг хараа зорилго байгаа. Өмнө нь 2023 онд гэр бүлээрээ нэг удаа Киргиз Улсад ирж байсан. 

Тухайн үед Казахстан, Киргизстан, Тажикистан улсаар аялсныхаа дараа Киргизстан улсыг сонгосон.  

Нөхөр О.Баярмагнай: Амьдарч байгаа газраа солих, тэр дундаа маш халуун цаг агаартай газрыг сонгоод ирнэ гэдэг мэдээж том зориг. Хамгийн гол нь бидэнд зорилго бий. Мөн Халимаг Монгол үндэстнээ өвөрлөж ирсэн. 

Мэдээж энд бүх зүйлийг эхнээс нь дахин эхэлнэ. Хэл сурах, соёл, аж амьдралтай нь танилцах гэх мэтчилэн. Гэхдээ бид ажиллаж амьдрах бүхий л боломжийг судлан амьдрахаар шийдвэрээ гаргаад ирсэн. 

Эхнэр: Биднээс гадна Монголоос хоёр гэр бүл Киргиз улсад амьдарч байна. Нэг гэр бүл зургаан жил, нөгөө монгол гэр бүл есөн жил Киргиз улсад амьдарч байгаа. Бид хоорондоо байнгын холбоотой найзууд. 

Нөхөр: Киргиз улс бидний араас хөгжиж байгаа улс.

Визийн асуудал дээр Киргиз нээлттэй болж байна. Биднийг гадаад хүмүүс гэж хардаг учраас нэг талаараа өндөр төлбөр нэхдэг ч амьдрах нөхцөл маш боломжийн санагддаг. 

Киргиз улс мал аж ахуй талдаа манай улстай холбогдоно гэж бодож байна. Бид гүүний "саам" гэж ярьдаг. Түүнчлэн ааруулыг "хурууд" гэж хэлдэгтэй яг адил ярина. Морио "агт" гэж хэлдэг. Дан ялангуяа мал аж ахуй талдаа манайхтай их ойр. 

Эхнэр: Монголын бүтээгдэхүүнүүд Киргизстан улсад нэлээд зарагдаж байна. Ялангуяа жижигхэн хурууд үрлэн ааруулууд энд их зарагдаж байгаа.

Эхнэр: Манай нөхөр орос хэлтэй болохоор сайн ойлголцоно. Есдүгээр сард эндээ манай нөхөр киргиз хэлний ангид, би орос хэлний ангид суралцана. Усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр хэлийг нь илүү сайн сурах хэрэгтэй. 

Монголчуудтай адилхан нүүдэлчин соёлтой ард түмэн. Бид түүхээ илүү сайн судалбал Киргиз улсад амьдрахад таатай болно. Ялангуяа бусад үндэстнээс илүүтэйгээр монголчуудад халуун дулаан, элгэмсэг ханддаг ард түмэн. Биднийг цус нэгт ах, дүү нар гэж хүлээж авдаг. Энэ нь ч манай гэр бүлийнхэнд таалагддаг. 

Шашны тухайд 90 гаруй хувь нь исламын шашинтай. Гэхдээ энд маш олон үндэстэн ястан амьдарч байна шүү дээ. Үүнийгээ дагаад олон шашинтай хүмүүс бий. 

зураг
 
Зураг
34 | 3 | 1 цаг