Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүний амь нас, эрүүл мэнд хохирсон зам тээврийн ослын 80 орчим хувь нь орон нутагт үйлдэгддэг"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баяр, наадмын үеийн нөхцөл байдал, зам тээврийн осол, урьдчилан сэргийлэх аяны үр дүнгийн талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-аас дараах мэдээллийг хүргэлээ. 

Хүний амь нас, эрүүл мэнд хохирсон зам тээврийн ослын 80 орчим хувь нь орон нутагт үйлдэгддэг гэдгийг сэрэмжлүүлэв. 

Өөрөөр хэлбэл хүн нас барсан, эрүүл мэндээрээ хохирсон ноцтой зам тээврийн осол ихэнхдээ орон нутгийн замд гарах эрсдэлтэй аж. 

Осол нь:

  • Хурд хэтрүүлэх,
  • Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлөөр хийх гэсэн үндсэн шалтгаантай байгааг анхааруулсан юм. 

Мөн шөнийн цагаар гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслээ шилжүүлээгүй гэх дүрмийн хэрэгжилт хангагдаагүйтэй холбоотой эрүүл мэнд, амь насаараа хохирох ослууд бүртгэгдэж байна. Иймд орон нутгийн замд тогтоосон хязгаарыг зөрчихгүй байхыг жолоочдод санууллаа. 

Үргэлжлүүлэн НЦУГ-аас мэдээлэхдээ "Улсын хэмжээнд 322 хар цэг байна. Сум болгонд нэг хар цэг гэж хэлж болохоор давтамж гардаг гэсэн үг.

Өнгөрсөн жил зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтооход 0.1 хувь нь зам орчны байдлаас шалтгаалсан гэх дүгнэлт гарсан. Үлдсэн 99 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс гарсан байгаа.

Дээр дурдсан нэг хувийг арилгахын тулд зам, замын байгууламжийг засах, янзлах, тэмдэг тэмдэглэгээ тавих, хурд сааруулах, гэрэл гэрэлтүүлэх хэрэгсэл байрлуулах зэргээр зөрчлийг арилгаж ажилласан. 

Эд материалын хохиролтой осол ихэнхдээ нийслэл хотод давамгайлдаг. Хүн нас барсан, эрүүл мэндээрээ ноцтой хохирсон осол орон нутагт гарч байна.

Нас барсан, гэмтсэн ослын 76.6 хувь нь орон нутгийн замд үйлдэгдэж байна гэсэн тоо гарч байгаа. Хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлөөр хийх гэсэн үндсэн шалтгаан байна" гэв.