Дэлхий дахинд алдартай Хятадын тулааны урлагийн төв Шаолинь хийдийн хамба лам хөрөнгө мөнгө завшсан, олон эмэгтэйтэй зохисгүй харилцаатай байсан, хууль бус хүүхдийн эцэг болсон зэрэг хэд хэдэн хэрэгт шалгагдаж эхэлснийг тус хийдийн захиргаа Ням гарагт мэдээлжээ.
Хэнань мужийн ууланд байрладаг, 1,500 жилийн настай Шаолинь хийдийг 1999 оноос хойш тэргүүлж байгаа Ши Ёншинь хийдийнхээ нэрийг дэлхий дахинд алдартай брэнд болгож чадсаныхаа төлөө “CEO monk” (гүйцэтгэх захирал лам) хэмээх алдрыг зүүх болсон юм.
Гэмт хэргийн сэжигтэн болсон түүнээс шашны цол хэргэмийг нь хурааж авснаа Хятадын Буддистүүдийн холбоо Даваа гарагт зарласан байна.
Ши Ёншинийг удирдаж байх хугацаанд Шаолинь хийд гадаадад сургуулиа нээж, күнфүгийн эрдмийг үзүүлдэг лам нарын аялан тоглолтын хамтлагтай болж байжээ.
Хамба ламыг шалгаж буй тухай мэдээ өчигдөр өглөө Хятадын сошиал платформ Вэйбогийн хамгийн эрэлттэй сэдэв байлаа.
Ши Ёншинь өмнө нь 2015 онд мөн хөрөнгө мөнгө хувьдаа завшсан, эмэгтэйчүүдтэй зүй бус харилцаатай байсан зэрэг хэрэгт шалгагдаж байсан ч эцэстээ хаагдаж байжээ.
Тухайн үед тэр хувийн компаниуд болон орон нутгийн захиргаанаас Volkswagen SUV ангиллын автомашин, алтан утастай орхимж зэрэг үнэтэй эд зүйлс авсанд буруутгагдаж байсан юм.
2015 онд BBC сувгийн Хятадын салбарт ярилцлага өгөхдөө Ши Ёншинь энэ талаар “Хэрвээ ямар нэг асуудал байсан бол аль эрт илрэх байсан” хэмээн ярьж байжээ.
Шаолиний хийд 2015 онд зочид буудал, күнфүгийн сургууль, гольфын талбай зэргийг багтаасан $300 саяын өртөгтэй цогцолборыг дэргэдээ байгуулах төлөвлөгөө гаргасан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байв.
1982 онд Жэт Лигийн гол дүр бүтээсэн “Шаолинь” нэртэй уран сайхны кино гарснаар энэ хийдийн нэр хүнд дэлхий дахинд алдаршиж байжээ.
Үүнээс хойш Америкийн хип хоп хамтлаг Wu Tang Clan дуундаа тус сүмийн нэрийг дурдаж, Mortal Kombat видео тоглоом бүтээгдэж байлаа.
Хэдийгээр шашны сургаал номд харшилдаг ч Хятадын олон нийт Буддын лам нарын эр эмийн харилцааг төдийлөн буруушаадаггүй.
Харин хөрөнгө мөнгө хувьдаа завшсан, авлига авсан үйлдэл нь батлагдвал хамба ламын төдийгүй Шаолинь хийдийн нэр хүнд нэлээд сэвтэж магадгүй байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!