Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн Ойрад, Тод бичиг, Галдан хунтайж, Чандмань уулын аймгийг харуулсан Увс аймгийн 100 жилийн ойн наадмын НЭЭЛТ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: УВСЫН МЭДЭЭ /uvs.news/

Тулгар төр байгуулагдсаны 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улаангом хотод өргөн дэлгэр зохион байгуулагдлаа. 

1925 онд Дөрвөдийн зүүн, баруун хоёр аймгийг нэгтгэн “Дөрвөд далай хан аймаг” нэрийг халж "Чандмань уулын аймаг" нэртэйгээр одоогийн Увс аймгийг 41 сум, 115 багтай байгуулсан түүхтэй. Увс аймаг нь өдгөө 86 мянган хүн амтай, 19 сум, 3 сая толгой малтай болжээ.

Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанаас онцлох үйл явдлуудыг та бүхэнд хүргэж байна. 100 жилийн ойгоо тэмдэглэж буй аймгуудын нээлтийн үйл ажиллагааны утга учир, өв соёл, түүхийг хэрхэн харуулж буй нь чухал билээ.


Увс аймаг нь Дөрвөн Ойрад (торгууд, дөрвөд, цорос, хошууд) түмний өлгий нутаг учир нээлтийн үйл ажиллагааг эв нэгдэл, түүхэн агуулгын хүрээнд бэлджээ.

зураг
 
Увсчууд сайт

Улаангом хотын Төв цэнгэлдэх хүрээлэнгийн голд тайз засахдаа Дөрвөн Ойрадыг бэлэгдсэн байдалтайгаар дөрвөлжин тайзны дөрвөн өнцөгт дөрвөлжин жижиг тайз байрлуулсан байна. Ингэхдээ бүжигчдийг нарны цацраг мэт байршуулж, Дөрвөн Ойрадыг бүрдүүлэгч Торгууд, Дөрвөд, Цорос, Хошуудын тугийг улаан, ногоон, цэнхэр, шар өнгийн ялгаж, тайзны голд намируулж харагдана. 

Нээлтийг Монгол Улсын төрийн далбаа болон Увс аймгийн тугийг цэнгүүлэх ёслолоор эхлүүлж, Их эзэн богд Чингис хааны сүлд дуулал, "Эртний сайхан" уртын дуугаар ая барив. Үргэлжлүүлэн өнөөдрийг хүртэлх түүхийн чухал үйл явдлуудыг дэс дараатай өгүүлжээ.

1. 400 жилийн тэртээгээс Ижил мөрөнд тасран суурьшсан Халимаг ахан дүүсийн төлөөлөл Алтайн уулсаа санаж 100 жилийн ойд хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэв. Халимаг нь Ойрад Монгол овгийн нэг хэсэг бөгөөд Монгол орны баруун хэсгээс гаралтай гэж үздэг.

зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: УВСЫН МЭДЭЭ /uvs.news/

2. Нээлтэд түүхийн ач холбогдолтой олон зүйл шингээхийг оролджээ. Тухайлбал Тод бичгийг зохиож, Ойрадуудыг бичиг үсгийн хувь нэгтгэсэн Зая бандид Намхайжамц (1599-1662) талаар дурдав.

Түүнийг тавдугаар Далай лам өөрийнхөө өмнөөс Дөрвөн Ойрадад багшаар томилж байжээ. Тод бичиг зохиогдсоноор Ойрадын утга зохиолын хэл бий болж, бурхны шашин, анагаах ухаан, түүх, соёл, орчуулга зэрэг бүхий л салбарын ном зохиол тус бичгээр бичигдэж байжээ.

Мөн хөрш зэргэлдээх Казах зэрэг харь угсааны улсууд гадаад харилцаандаа тод бичиг, монгол хэлийг хэрэглэж байсны гэрч дурсгал одоо хүртэл уламжлагдан ирсэн байна. Тод бичгийг Ойрадууд 1920-оод он хүртэл, Халимагууд 1924 он хүртэл хэрэглэж байв.

3. XVII зууны үеийн шашин, улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин Зүүнгарын хаант улсыг үндэслэн байгуулагч Галдангийн түүхийг харуулахуйц үзэгдэл бэлджээ. Нээлтийн үеэр түүний дүрд гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглож, "Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" хэмээх үгийг олноо дуурсгав.

Галдан нь V Далай лам, IV Банчинбогд нарын дор 20 жил суралцаж шашны томоохон хутагт болсон нэгэн юм. Эцгийн суурийг залгаж суусан ах Сэнгэ нь алагдаж, 1671 онд нутагтаа дуудагдан ирсэн. Улмаар 1676 онд Зүүнгарын хаант улсыг байгуулсан улс төрийн зүтгэлтэн билээ.

Тэрбээр Ховд хотыг үндэслэн байгуулжээ. Улаангом, Ховдын орчим тариа тарьж, нутагтаа төмөр боловсруулан зэвсэг хийж байв. 1676 онд Галдан Зүүнгарын хаант улсыг байгуулсанд V Далай лам Галданд “Бошгот” цол өгчээ. 1671-1680 онд Хаант Орос улсад худалдааны харилцаа тогтоох, цэрэг зэвсгийн тусламж авах, Манж Чин улсын Энх-Aмгалан хаанд худалдааны харилцаа тогтоох асуудлаар удаа дараа элч илгээж харилцаж байв. 

Одоогийн Увс аймгийг Манжийн үед (1691-1911) Дөрвөдийн зүүн гарын Сайн заяатын чуулганы Далай ханы хошуу, Богд хаант Монгол улсын үед (1911-1923) Төгс хүлэг далай хан аймгийн Далай ханы хошуу, 1923-1931 он хүртэл Чандмань уулын аймгийн Төгсбуянт уулын хошуу хэмээн нэрлэдэг байжээ.

4. Эв нэгдлийг харуулах үүднээс Дөрвөн их уулын аймгийн сор болсон дуучид нээлтэд хүрэлцэн ирж, нутгийнхаа дууг дуулав.

Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд аймаг, хошууны нэрсийг уул, усны нэрээр сольж, Хан Хэнтий уулын аймаг, Цэцэрлэг Мандал уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Богдхан уулын аймаг үүсгэн байгуулагдсан. Үүний дараа 1925 онд Чандмань уулын аймгийг одоогийн Улаангом хотын сууринд байгуулжээ. 

Хан Хэнтий аймгийн төлөөлж "Саа мөнгөн Хэрлэн" дууг соёлын тэргүүний ажилтан Л.Чулуунбаатар, Цэцэрлэг Мандал уулын аймгийг төлөөлж, "Хайрхан уулын бараа" дууг урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баттулга, Хантайшир уулын аймгийг төлөөлж, "Зулай цагаан Алтай" дууг гавьяат жүжигчин Х.Болормаа, Богдхан уулын аймгийг төлөөлж, "Төв сайхан дууг" ардын жүжигчин А.Долгор, Чандмань уулын аймгийг төлөөлж, "Цэнхэр тэнгэрийн орон дууг ардын жүжигчин С.Жавхлан дуулав. Энэ нь Монгол Улс нэгдмэл нэг орон, эв найртай оршин тогтнохыг бэлэгдэн харуулжээ.