Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжин хотод үер буусны улмаас 30 хүн амиа алджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хятадын нийслэл Бээжин хотод хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, үер буусны улмаас 30 хүний амь үрэгджээ.

Тус хотын хойд хэсгийн дүүргүүд болох Миюнд 28, Янчинд хоёр хүн амиа алдсан тухай Шиньхуа агентлаг өнөөдөр өглөө мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд эхэлсэн аадар бороо Даваа гарагт Бээжин хот болон түүний ойр орчмын мужуудад ширүүссэн юм. Дээр дурдсан хоёр дүүрэгт энэ хугацаанд 543 мм хур тунадас орсон байна.

Үерийн бүсээс 80,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Олон арван зам эвдэрч, Бээжингийн ойролцоох 136 тосгон сууринд эрчим хүчний тасалдал үүссэн байна.

Өнөөдөр буюу Мягмар гарагийн өглөө Бээжинд ширүүн аадар бороо орж, зарим газарт унах хур тунадасны хэмжээ 300 мм хүрэхээр байгааг цаг уурчид анхааруулжээ.

Даваа гарагийн орой Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин сураггүй алга болсон хүмүүсийг хайх, аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг холбогдох албаныханд даалгасан байна.

 

Эх сурвалж: Reuters