Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Украиныг дэмжигч хакеруудын халдлага Оросын үндэсний агаарын тээвэрлэгч Аэрофлотын нислэгүүдийг зогсоов

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Украиныг дэмжигч хакерын бүлгийн үйлдсэн кибер халдлагын улмаас Оросын үндэсний агаарын тээвэрлэгч Аэрофлот компани  Даваа гарагт олон арван нислэгээ цуцлахад хүрсэн байна.

Оросын прокурорын ерөнхий газар кибер халдлагын улмаас нислэгүүд саатсаныг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

“Манай улсын эсрэг дайн бүх фронтоор, тэр дундаа дижитал системээр явагдаж байгааг бид мартаж болохгүй. Мөн энэ үйл явдлын хариуцлагыг хүлээсэн хакерууд найрсаг бус харилцаатай улс орнуудад үйлчилж байхыг үгүйсгэх аргагүй” гэж ОХУ-ын парламентын гишүүн Антон Горелкин анхааруулсан байна.

Асуудал хэр урт хугацаанд үргэлжлэхийг Аэрофлот одоогоор мэдэгдээгүй байна.

“Silent Crow” нэртэй хакерын бүлэг Беларусийн Cyberpartisans BY нэртэй бүлэгтэй хамтран дээрх халдлагыг үйлдсэнээ хүлээжээ.

Тус бүлэг мэдэгдэлдээ “Украины алдар бадраг! Беларусь мандтугай!” гэж бичсэнээс үзвэл тэд Украиныг дэмжигчид бололтой.

“Silent Crow” бүлэг өмнө нь Оросын үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн сан, төрийн харилцаа холбооны компани, даатгалын компани, Москва хотын захиргааны мэдээллийн технологийн хэлтэс, Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Kia компанийн Орос дахь төлөөлөгчийн газрын системд халдаж байжээ.

“Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс бидний уншиж буй мэдээ үнэхээр түгшүүр төрүүллээ. Хүн амд үйлчилгээ үзүүлдэг бүх томоохон компаниудын хувьд хакерын аюул ноцтой зүйл хэвээр байна” гэж Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

Аэрофлотын системд доголдол гарсны улмаас өчигдөр дотоодын 40 гаруй нислэг, мөн Беларусийн нийслэл Минск, Арменийн нийслэл Ереван чиглэлийн нислэгүүд цуцлагджээ.

“Silent Crow” бүлэг мэдэгдэлдээ сүүлийн нэг жил орчим хугацаанд явуулсан ажиллагааны үр дүнд Аэрофлотын сүлжээнд нэвтэрч, 7,000 орчим серверийг устгаж, ажилтнууд, ахлах менежерүүдийн компьютерыг хяналтдаа авсан тухай дурдсан байна.

Мөн Аэрофлотоор нисэж байсан бүх хүмүүсийн хувийн мэдээллийг удахгүй нийтэлж эхлэхээ мэдэгджээ.

Украины дайн эхэлснээс хойш Оросын агаарын тээвэрт саатал гарах нь хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ ихэвчлэн Украины нисгэгчгүй онгоцны халдлагын үеэр богино хугацааны саатал гардаг байлаа.

Тэгвэл энэ удаа нэлээд ноцтой саатал тохиолдож болзошгүй болоод байна.

Систем нь ажилд ормогц зорчигчдын тасалбарын төлбөрийг буцааж эхлэхээ Аэрофлот амлажээ. Бас зарим зорчигчдыг бусад авиа компаниудын нислэгт шилжүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.

Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас нислэгийн тоо нь хязгаарлагдсан ч Аэрофлот өнгөрсөн онд 55.3 сая хүнд үйлчилж, зорчигчдын тоогоор дэлхийн шилдэг 20 агаарын тээвэрлэгчийн тоонд багтаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters