Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 41 хүн гэмтэж найман хүн нас баржээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баяр наадмын амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 41 хүн гэмтэж, найман хүн нас барсан талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээллээ. 

Зам тээврийн ослын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар, зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралт 35.7 хувиар буурсан байна. 

Түүнчлэн осол их гардаг цэгүүд дээр цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх үүднээс хөдөлгөөнт эргүүл гарган ажиллаж байгаа аж. 

Орон нутгийн замаас үүдэж зам тээврийн осол их гардаг учир цагдаагийн байгууллагаас холбогдох байгууллагуудад 165 удаагийн албан мэдэгдэл хүргүүлэн 9,060 метр замын тэмдэглэгээг тодруулж, авто замын эвдрэл гэмтэлтэй 36,908 метр.куб замын засвар арчлалтыг хийлгүүлжээ.

Орон нутгийн замд иргэд хурд хэтрүүлэх, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх, гэрэл шилжүүлээгүй зэрэг зөрчлөөс үүдэж зам тээврийн осол гарч байгаа аж. 

Иймд тогтоосон хурдны хязгаарыг хэтрүүлэхгүй, хориглосон болон аюултай үед гүйцэж түрүүлэхгүй байх, хамгаалах бүсийг бүх зорчигчид зүүх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд нь суулгах, хэт ядарсан үедээ жолооны ард суухгүй байхыг мөн түр зогсохдоо зорчих хэсгийг чөлөөлж зогсох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодохгүй байх болон жолоодох эрхгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа.