Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэмжих зорилготой ч ДЭМЖДЭГГҮЙ сан"

ikon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
“ИЛ МЭДЭЭЛЛИЙН ДАЛД УЯЛДАА” дата сэтгүүл зүйн анхны цугларалтаар дата сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг шалгаруулалтад орсон дөрвөн бүтээлийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Дата сэтгүүл зүйн дэд байрт шалгарсан “Өнөөдөр” сонин, Onlinetv.mn сайтын сэтгүүлчдийн “Today” багийн “Дэмжих зорилготой ч дэмждэггүй сан” бүтээлийг хүргэж байна. 
 

Энэ бол Х.Урнаа. Өрх гэрээ авч явах, цаашлаад улс орны хувь заяаг нуруундаа үүрэн зүтгэх үүргээ ухамсарлаж, бие, сэтгэл нь бэлэн жагссан 35-тнуудын төлөөлөл. Талх, нарийн боовны технологич мэргэжил эзэмшээд, тэр жил нийслэлд суурьшихаар ирсэн 28 593 хүний урсгалыг сөрөн, Улаанбаатараас шилжсэн 8502 иргэний нэг болж, өөрийн гэсэн нарийн боовны үйлдвэр байгуулах дэврүүн мөрөөдөл тээсээр төрөлх нутгаа зорьсон нь 2011 он. Нэг удаад хоёр ширхэг талх, нэг кг боов гаргадаг ээжийнхээ хуучин, жижиг шарах шүүгээнд тэр анхны бүтээгдэхүүнүүдээ “өлгийдөв”.

 

 

 

 

(Үндэсний статистикийн хорооноос хийсэн ажиллах хүчний судалгаагаар бүх насны ангилалд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо эрэгтэйчүүдийнхээс бага байна. Ялангуяа хөдөлмөрийн идэр нас болох 25-45 насны хооронд эмэгтэйчүүдийн оролцооны түвшин эрэгтэйчүүдийнхээс харьцангуй бага дүр зураг харагдаж буй. Эмэгтэйчүүд амьдралынхаа энэ үед хүүхэд төрүүлэх, асрах зорилгоор ажиллах хүчний эгнээнээс гардаг гэх мэтийн шалтгаан үүнд нөлөөлдөг гэжээ)

Өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж, өөрийн гэсэн цех байгуулахаар зориглон, талх, нарийн боовны үйлдвэрийн зориулалттай жижиг оврын тоног төхөөрөмж худалдаж авах, түүндээ тохирсон ажлын байр түрээслэх, хоёр туслах ажилчин авч ажиллуулах зардлаа тооцоход хамгийн багадаа 15 сая төгрөг хэрэг болох тооцоо гарлаа. Бичсэн төслөө бариад хэд хэдэн банкаар орсон ч тогтсон ажилгүй, том мөрөөдлөөс өөр зүйлгүй залуу бүсгүйд итгэж энэ мөнгийг зээлсэнгүй.

"Хүчин чадал багатай, жижиг оврынх гэлээ ч үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжтэй болсноор ажлын бүтээмж хэд дахин нэмэгдэв. Өдөр, шөнөгүй борви бохисхийлгүй хөдөлж байж гаргадаг байсан бүтээгдэхүүнээ хэдхэн цагт гаргадаг боллоо. Бүтээгдэхүүний нэр төрлөө ч нэмэв. Сэтгэлээ шингээж хийсэн бүтээгдэхүүнд нь нутгийнхан нь ам сайтай байгааг, хийж л чадвал зах зээл буйг бүсгүй мэдэрч байлаа."

Гэрийн жижиг зуухаа зогсоо зайгүй ажиллуулж, нойр, хоолоо хугаслан байж олсон мөнгөнөөсөө ганц зоос ч дэмий үрэлгүй, хадгалж, хуримтлал үүсгэхээс өөр гарц бүсгүйд харагдахаа больсон тул жил гаруй бүсээ чангалан зүтгэв. Жил гаруйн хугацаанд идэх, өмсөхөөсөө ч гар татан цуглуулсан хуримтлал нь долоон сая төгрөг болж, үлдсэн мөнгийг нь хашаа байшин, хамаг бүхнээ барьцаалан банкнаас зээлснээр зорьж, зүтгэсэн цехээ 2012 онд нээлээ. Сарын хоёр, жилийн 24 хувийн хүүтэй зээлээр бизнес эхлүүлсэн хэрэг.

Гэвч цех байгуулж, аж ахуйн нэгж хэлбэрээр ажиллах болсноор хоёр ажилчны цалин, зээлийн төлбөр, байрны түрээс, татвар шимтгэл гээд үүрэх ачаа хэд дахин нэмэгдэв. Орлого нь зарлагаа арай ядан нөхөж, үлдэх ашиг нь гэртээ ганцаараа ажиллаж байх үеийнхээс ч багасав. Бүсгүй цехээ өргөжүүлж, илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэн, ашгаа нэмэгдүүлэх талаар бодсоор, алгаа дэлгэн тосох зах зээл байхад түүнийгээ хангаж чадахгүй байгаадаа бачимдсаар дахин хоёр жилийг өнгөрөөлөө. Тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлыг нэмэхэд шаардлагатай мөнгийг яаж олох вэ гэдэг асуулт, түрүүчийн удаа банкнаас аваад төлж дуусаагүй зээл түүний хөлийг хоёр жил тушсан хэрэг.

Банкны зээлээ төлж дуусангуутаа дараагийн томоохон алхмаа хийв. Тархиа гашилгаж, тооны машин цохин олон хоног бодож боловсруулсан, үйлдвэрээ томруулж, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэн, ажиллах хүчээ зузаатгах төслөө бариад банк руу орлоо. Өмнөхөөс ялгаатай нь түүнд хэний ч мэдэх “Урнаагийн талх, нарийн боовны цех” гэдэг нэр, жижиг боловч тогтвортой үйл ажиллагаа явуулдаг цех байсан тул 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй 30 сая төгрөгийн зээл саадгүй гарав.

ХЭДС-аас Жижиг зээл олгох хэмжээ: 
      Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн – 10,000,000 
      Бичил бизнес эрхлэгч /Аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоо/ - 20,000,000 
Жижиг зээл олгох нөхцөл: 
      Жилийн хүү:7.2%–8.4% 
      Хугацаа: 24 сар 
      Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх: 6 хүртэл сар 
      Барьцаа: 60 хүртэл хувьд багцын батлан даалттай.

Тоног төхөөрөмжийн хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлж, тавуулаа ажиллаж эхэллээ. Хүчин чадал нэмэгдэхийн хэрээр бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, борлуулалтын орлого өсөв. Үүнийг дагаад бусад асуудал ч томров. Сар бүрийн 1.2 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт, таван ажилчны цалин, том байрны түрээс гээд бүсгүйн ачаа хүндэрч байлаа. Түүнийг хөрөнгө мөнгөнд боогдож, бодсоноо гүйцэлдүүлж чадахгүй мунгинаж суух зуур өөр үйлдвэрүүд үйл ажиллагаагаа эхэлж, зах зээлийг эзэлсэн тул орлого, ашгаа нэмэгдүүлэх тооцоо санаснаар нь биелсэнгүй. Банкны зээлийн төлбөрөө хэдэнтээ хугацаа хэтрүүлж, найдваргүй зээлдэгчийн тоонд орон байж 2018 оны эхээр өрөө төлж дуусгажээ. Банкны өрнөөс гарлаа гэтэл тоног төхөөрөмжүүд нь хуучирч, муудан, дахин хөрөнгө оруулалт шаардаад эхэлсэн байна. Ингээд дахин өндөр хүүтэй зээл авч, сар бүрийн эргэн төлөлтөд дарлуулан, ажил ихтэй, ашиг багатай үйлдвэрлэлээ үргэлжлүүлэх үү, олон жил уйгагүй зүтгэсэн мөрөөдөлдөө цэг тавьж, үйлдвэрээ зогсоох уу гэдэг амаргүй сонголтод тулжээ. Энэ үед бүсгүй бие давхар болж, амрах шаардлагатай болсон нь хоёр дахь замыг сонгоход нөлөөлж, тэр цехээ түр хаахаар шийдсэн байна.

 

Тэрбээр одоо хүүхдээ өсгөж буй бөгөөд 2018 оны байдлаар тоологдсон 105 614 ажилгүй иргэний нэг. Өөртөө болон бусдад ажлын байр бий болгохын тулд уйгагүй зүтгэсэн, өрхийн үйлдвэрлэлээ жижиг үйлдвэр болгон өргөжүүлэхдээ өчнөөн бэрхшээл давж, олсон мөнгөө банкны зээлийн өндөр хүүнд өгч ирсэн энэ бүсгүй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэнд тун бага хувийн хүүтэй зээл олгож, тодорхой хугацаанд үндсэн зээлийн төлөлтөөс чөлөөлдгийг мэдсэн бол, түүнд хамрагдаж чадсан бол өдийд арай өөр үр дүн үлдэх байсан болов уу.

Урнаа: “Намайг зээл хөөцөлдөж явахад ийм боломжийн тухай хэн ч хэлээгүй. Ийм хөнгөлөлттэй зээл авч чадсан бол цехийн үйл ажиллагаанд том дэмжлэг болоод зогсохгүй надад маш их урам зориг, итгэл найдвар өгөх байлаа. Зээлийн өндөр хүүнд төлсөн мөнгө маань тоног төхөөрөмж шинэчлэх, засаж сэлбэх хөрөнгө болж үлдсэн бол би үйлдвэрээ хаахгүй байсан” хэмээсэн.

Иргэд мэдээлэлгүй байна

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл дутмаг, санхүүжилт ил тод биш байна. Олон нийтэд энэ талаар мэдээлэл дутмагаас сангийн мөнгө хүрэх ёстой эзэндээ хүрэхгүй, иргэд арилжааны банкны өндөр хүүтэй зээл авч ажлаа урагшлуулж байгаагийн нэг жишээ нь Урнаа.Олон нийтийн сүлжээн дэх ажлын байрны зарын бүлгэмд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажлын байр бий болгох зорилгоор бага хүүтэй зээл олгодгийг мэдэх үү” гэсэн бичил санал асуулга явуулахад оролцсон 1,676 хүний 1,434 нь “Мэдэхгүй”, 180 нь “Тийм сан байдгийг ч мэдэхгүй”, 56 нь “Мэднэ”, зургаа нь “Зээл авч байсан” гэж хариулсан нь сангийн талаарх мэдээлэл туйлын дутмагийг нотолж байна.

30 компани 1500 аж ахуйн нэгжийн боломжийг булаажээ

Сангийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод биш, зорилтот бүлэгт бодит дэмжлэг болж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж чадахгүй байгаагийн нөгөө талд сангийн үйл ажиллагаа хяналтгүй, хууль, журам зөрчин зээлийн хязгаарыг хэтрүүлэн олгосон, эргэн төлөлт нь хангалтгүй, төлүүлэх тал дээр ажилладаггүй, хариуцлага нэхдэггүй зэрэг олон зөрчилтэй явж иржээ.

ХЭДС-гаас журам зөрчиж, зээлийн хязгаар хэтрүүлэн олгосон зээл ба түүний эргэн төлөлт

 

Дүрэм, журам зөрчин 30-аад аж ахуйн нэгжид зээлийн хэмжээ хэтрүүлэн олгосон, зээлээ эргүүлэн төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдээс хариуцлага нэхэхгүй байгаагаас 30 тэрбум 48 сая төгрөг царцчихаад байна. Хууль, журам зөрчин 30 аж ахуйн нэгжид олгосон, эргэн төлүүлээгүй дээрх мөнгө зохих журмын дагуу эргэлтэд орж, зорилтот бүлэгт хүрсэн бол Урнаагийн талх, нарийн боовны цех шиг 1500 аж ахуйн нэгж байгуулагдаж, бага хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр, санхүүгийн дарамтгүй үйл ажиллагаагаа явуулах байв. Үүний цаана дунджаар 7500 ажлын байр бий болох боломжийг тусгай эрх дарх эдэлсэн дээрх 30 аж ахуйн нэгж хаажээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгохоос гадна ахмад настны, хөгжлийн бэрхшээлтэй иргэний, залуучуудын, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Гэтэл хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүжилтийн эргэн төлөлт туйлын хангалтгүй байгааг доорх графикаас харж болно.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
Хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл болон эргэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл (сая төгрөгөөр)

 
 

Ажлын байрыг дэмжих хөтөлбөр
Хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл болон эргэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл (сая төгрөгөөр)

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр
Хөтөлбөрийн хүрээнд олгосон болон эргэн төлөгдөөгүй зээл (сая төгрөгөөр)

 
 
 

Сангаас шууд олгосон зээлийн эргэн төлөлт хангалтгүй, харин банкаар дамжуулан олгосон зээлийн эргэн төлөлт 90-ээс дээш хувьтай байна. Ажлын байр дэмжих санхүүжилтийг сангаас шууд олгосноос банкаар дамжуулж олгох нь илүү хяналт, бүртгэлтэй, эргэн төлөлт сайн байгаа нь эндээс харагдаж байна. Гэхдээ 2010 онд “Анод” банканд 800 сая, 2015 онд “Капитал” банканд 7 тэрбум төгрөгийг энэ сангаас байршуулсан нь зориулалтын дагуу зарцуулагдаагүйгээр барахгүй огт эргэн төлөгдөлгүй замхарсныг мартаж болохгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдэд 7-8 хувийн хүүтэй зээл олгох үүрэг хүлээн, сангийн мөнгийг жилийн гурван хувийн хүүтэйгээр банкуудад байршуулдаг бөгөөд дээрх банкууд мөнгийг зориулалтын дагуу зарцуулалгүй “залгиж” орхисон билээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулсан мөнгө ажилгүйдлийг бууруулахад огт нөлөөлөөгүй

2012-2018 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 375.6 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулжээ. Гэвч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулсан санхүүжилт ажилгүйдлийг бууруулахад огтхон ч нөлөөлөөгүй нь корреляцийн коэффицент буюу хамаарлын шинжилгээгээр харагдаж буй. Сангаас зарцуулсан мөнгө ажилгүйдлийг бууруулахад ямар ч нөлөө үзүүлээгүйн дээр туйлын хяналтгүй, үр ашиггүй зарцуулагдаж байгааг бас дээрх мэдээллүүд харуулж байна. Энэ мөнгө хяналт, хариуцлагатай, хэрэгтэй хүндээ хүрч, зориулалтын дагуу ашиглагдсан бол Урнаагийн ижил бэрхшээл туулж яваа олон мянган хүн өгөөжийг нь хүртэж, ажилгүйдлийн түвшин бууран, хүн амын 30 хувийг хамраад буй ядууралд ч тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлэх байсан болов уу.

Байдал ийм байна, одоо яах вэ?

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан үндсэн зорилгоосоо төөрсөн, төвлөрсөн мөнгийг үр ашиггүй, хараа хяналтгүй цацдаг, тэдний үйл ажиллагаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийг бууруулахад огтхон ч нөлөөлөөгүй гэсэн дүгнэлт дээрх мэдээллээс тодорч байна. Сангийн яамны шалгалтын дүгнэлтэд “Нэг ажлын байранд нэг сая төгрөг” гэснийг зөрчиж, нэг иргэнд 500-800 мянган төгрөгийн санхүүжилт олгох байдлаар хэт хавтгайруулж олгосон нь хөтөлбөрийг үр ашиггүй болгож, ажлын байр бий болгох үндсэн зорилтыг алдагдуулжээ. Мөн дээрх хөтөлбөрийн хүрээнд нэг иргэнд нэг саяас дээш төгрөгийн санхүүжилт олгосон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй” гэсэн нь уг сангийн үйл ажиллагаа яагаад үр дүнгүй байдгийн шалтгааныг ерөнхийд хэлээд өгчихөж буй. Олон хүн хамруулсан гэсэн үзүүлэлт тайландаа оруулахын тулд ажлын байр бий болгоход дэмжлэг болохооргүй бага хэмжээний мөнгө өгч, тоо бөглөдөг. Тэр нь ажлын байр нэмэгдүүлэх биш, хоногийн хоол болоод дуусдаг учраас эргэн төлөгддөггүй. Үлдсэн мөнгийг нь эрхтэн дархтнууд дур зоргоороо, хууль журмаас гадуур зарцуулдгийг дээр дурдсан тус бүр нь 50-200 сая төгрөгийн зээл аваад, эргэн төлөөгүй “том толгойтой” 30 аж ахуйн нэгж, иргэний жишээ баримтжуулж байна.

Засгийн мөнгийг замхруулахаас өөр шидгүй ийм сан цаашид оршин тогтносоор байх хэрэг байна уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Зөрчлүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээлэл авахаар ХЭДС-д хандсан ч бидэнд хариу ирүүлээгүй юм.Уг нь дүрэм журмаа мөрдөөд, хяналт хариуцлагаа чангатгаад, хууль номын дагуу ажиллавал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан жирийн иргэдэд хамгийн хүртээмжтэй байж, ахуй амьдралд нь бодит нөлөө үзүүлэх боломжтой. Амьдралд ойр байх ёстой хэрнээ холын хол оршиж буй энэ сангийн үйл ажиллагааг хөдөлмөр эрхлэлтийг бодитойгоор дэмждэг, иргэдэд өгөөжөө өгдөг болгоход анхаарч, засаж залруулах зайлшгүй шаардлага байна. Үүний тулд мэдээллийг нь нээлттэй, ил тод болгож, сангийн иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлэх, судалгааг сайжруулж бодит үр дүн гаргах төслийг дэмжих, мөнгөн хөрөнгөд тавих хяналтыг чангатгах зэргээр сангийн үйл ажиллагааг хариуцлагажуулах ажлыг хойшлуулалгүй эхлэх цаг нь болжээ.