Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн 15 байгууллагын 200 гаруй өгөгдлийг opendata.mn-ээс авах боломжтой боллоо

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад төрийн байгууллагуудын мэдээлэл харьцангуй нээлттэй болж байгаа ч бүрэн ил тод гэж хэлэх боломжгүй. Тэгвэл төрийн 15 байгууллагын 20 бүлэг бүхий 200 гаруй өгөгдлийг нэгтгэсэн opendata.mn порталыг өчигдөр албан ёсоор нээлээ. 

Монголын Хэвлэлийн хүрээлэн, Германы Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр 2019 оны эхнээс хэрэгжүүлсэн “Open Data” төслийн хүрээнд энэхүү портал сайтыг нээсэн бөгөөд төслийн хаалт болох “Ил мэдээллийн далд холбоос” дата сэтгүүл зүйн анхны  цугларалтыг өчигдөр зохион байгууллаа. 

Дата сэтгүүл зүйг Хэвлэлийн хүрээлэн “Тоон уурхайд мэдээлэл олборлохуй” хэмээн тун сонирхолтой тодорхойлжээ.
 
Гэрэл зургийг MPA.mn

Дата сэтгүүл зүйн цугларалтыг нээж, Дойче Велле Академийн Монгол дахь хөтөлбөр хариуцсан менежер Патрик Беннинг үг хэлэхдээ “Дата сэтгүүл зүйн хамгийн гол зүйл нь тоонуудаас дүгнэлт хийж, үнэлж, зарим зүйлийг олж харахад түлхэж өгдөг. Тоонууд зүгээр харахад түүх хэлдэггүй. Харин сэтгүүлчид бид түүх болгох хэрэгтэй. Яг ийм чадвартай болчихвол бидний хийх ажил дуусахгүй” гээд “Дата сэтгүүл зүй бол эрэн сурвалжлах сэтгүүл зүй” гэдгийг тодотгосон юм.

Дэлхий даяар нээлттэй мэдээллийн өгөгдөл түгээмэл болж буйн хэрээр түүнийг боловсруулж, энгийн уншигчдад мэдээллийн голыг хүргэх сэтгүүлчдийн үүрэг оролцоо улам нэмэгдэж байна. Иймд их хэмжээний тоон өгөгдөл, мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар нүдэнд үл үзэгдэх уялдааг гаргаж тавьдаг дата сэтгүүл зүйг Монголд хөгжүүлэх эхлэлийг тавьж, сэтгүүлчдийг мэргэшүүлэх ажлыг төслийн хүрээнд мөн хэрэгжүүлжээ. Уг төсөлд хамрагдсан сэтгүүлчдийн дөрвөн багийн бүтээлийг өчигдөр танилцуулж, шилдэг бүтээлд шагнал гардуулсан юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

“Сүүлийн жилүүдэд технологийн тусламжтайгаар мэдээлэл боловсруулах боломж бүрдсэн. Монгол Улсын хувьд дата сэтгүүл зүй харьцангуй шинэ тул нээлттэй мэдээллийг боловсруулж, чанартай мэдээлэл бэлтгэхэд сэтгүүлчдийг чадавхжуулах зорилготой төслийг 2019 оны нэгдүгээр сард эхлүүлсэн. 

Дата сэтгүүл зүйн сургалт дэлхийн сэтгүүл зүйн салбарт ховор сургалтад тооцогддог. Харин “Open Data” төслийн үр дүнд Монголын сэтгүүлчид олон улсын сэтгүүлчдээс хоцрохгүй, хөл нийлүүлж, сурсан ур чадвар, мэдлэгээ ашиглан бүтээсэн дата сэтгүүл зүйн бүтээлүүдээ танилцуулах гэж байна. 

Хэвлэлийн хүрээлэн Дойче Велле Академийн дэмжлэгээр мөн дата сэтгүүл зүйн сургалтын чадавхыг бэхжүүлэх ажил хийж байна. Сэтгүүлчдийг энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалт хийх чадвартай багш нарын баг бүрдүүлж, бэлтгэж байгаа юм. Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж байгаа. Цаашид сургалтандаа дата сэтгүүл зүйн хөтөлбөрийг нэвтрүүлээд явах тул хэвлэлийн байгууллагууд сургалт авах боломж бүрдсэн” хэмээн Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах ярилаа. 

"Дэлхийд 11-т орчихоод, бүх мэдээллийг гаргаж тавиад байхад түүнийг ашиглахгүй бол үнэ цэнэгүй"

 
Гэрэл зургийг MPA.mn

Дата сэтгүүл зүйн төсөлд хамрагдсан багуудын бүтээл:

  1. Today баг - “Дэмжих зорилготой ч дэмждэггүй сан”
  2. Brain storm баг - “Тэтгэврийн даатгалын сүүдэр”
  3. Datan баг - “Хүүхэд ба авто осол”
  4. Монгол Дата баг - “Улаанбаатар хотын ИТХ: Хэн нь хэн бэ?”

гэсэн бүтээлүүдээ танилцуулсан юм. Багууд төслийн хүрээнд дээрх сэдвээр мэдээлэл цуглуулж, зарим нь сүүлийн 17 жилийн мэдээллийг боловсруулж, эрэн сурвалжилж бүтээлээ бэлтгэсэн бол зарим нь орон нутгаас амьд дүр олж, түүний амьдралын туршлага дээр тулгуурлан мэдээлэл бэлтгэжээ. 

Тухайлбал, Datan баг “Хүүхэд ба авто осол” сэдвээр мэдээлэл бэлтгэхдээ 17 жилийн нээлттэй мэдээллийг боловсруулж, Монгол Улс өнгөрсөн 17 жилийн хугацаанд 15,600 гаруй буюу Даланзадгадын хүн амтай тэнцэх тооны хүүхдүүдээ авто ослын улмаас алдсан гэсэн дүгнэлт хийсэн бол Монгол Дата багийнхан ИТХ-ын төлөөлөгчдийн мэдээлэл хангалттай байдаггүй талаар дурдсан юм. 

Баг бүр нээлттэй мэдээлэлд анализ хийхээс гадна түүнийг уншигчдад сонирхолтой байдлаар хялбар хүргэх нь бас нэгэн чухал ажил байсныг хэлж байлаа. Мөн мэдээлэл олж авахад байгууллагуудын дотоод журамдаа тусгасан “Нууц мэдээлэл” бэрхшээл болж байсныг дурдсан. Ийнхүү дата сэтгүүл зүйн шилдэг бүтээлээр Brain storm багийн “Тэтгэврийн даатгалын сүүдэр” бүтээл шалгарсан бол Today багийн “Дэмжих зорилготой ч дэмждэггүй сан” дэд байрт шалгарлаа. 

Дата сэтгүүл зүйн цугларалтын үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй яагаад чухал гэхээр, байгаа өгөгдлийг ашиглаад, дүн шинжилгээ хийгээд, тулгамдсан асуудлыг гаргаж ирэх, нөгөө талаар тулгамдсан асуудлыг тоогоор илэрхийлж, иргэд үнэлгээ хийх боломжийг олгох юм.

Монгол Улсын статистикийн байгууллага мэдээллийг нээлттэй, хүрээмжтэй, олон төрлөөр гаргаж тавьж байгаагаараа 193 орноос 11-т жагссан. Бид дэлхийд 11-т орчихоод, бүх мэдээллийг гаргаж тавиад байхад түүнийг ашиглахгүй бол үнэ цэнэгүй. Тиймээс сэтгүүлчидтэй хамтран ажиллаж, тооны ард ямар өгүүлэмж байгаа вэ гэдгийг хамтраад сургаж байгаа нь зөв ажил гэж бодож байна” гэлээ. 


Opendata.mn портал сайтад энэ удаа төрийн байгууллагуудаас нээлттэй мэдээллүүдийг оруулсан бол цаашид төрийн бус байгууллагуудын мэдээллийг ч холбохоор төлөвлөж байгаа аж. 

Дата сэтгүүл зүйн шилдэг дөрвөн бүтээлийг бид цувралаар хүргэх болно.