Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

А.Цэрэнсодном: Миний ярианы бичлэгийг бүтнээр нь тавих юм бол тодорхой болно

Э.Туул, Зууны мэдээ
2019 оны 4 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг

Прокурор А.Цэрэнсодномтой ярилцлаа. Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхий прокурорын орлогчид дэвшүүлсэн боловч нэрийг нь буцаан mamcaн. Харин тэрбээр өнгөрсөн хугацаанд болсон процесс, өөртэй нь холбоотой гарч буй зарим мэдээлэлд дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм.

-Цаг үеийн асуудлаар ярилцлага өгч байгаа танд баярлалаа. Сошиалаар тантай холбоотой гэх аудио бичлэг тархсан. Түүнээс улбаалаад Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүлсэн саналаа буцаан татлаа. Чухам юу болоод өнгөрөв өө гэдэгт бодит тайлбар өгөхгүй юу?

-Энэ албан тушаалд дэвшүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн Тамгын газраас прокуроруудын дунд судалгаа хийсэн юм билээ. Тэр дунд миний нэр багтсан. Миний ажилласан жил болон чиглэл нь шаардлагад нь нийцсэн юм байна гэж хувьдаа ойлгосон. Би эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүй, олон улсын эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан.
Тэгээд гуравдугаар сарын 25-нд миний нэрийг дэвшүүлж, зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлсэн байдаг. Харин маргааш өдрөөс нь эхлээд надтай холбоотой бичлэг сошиалаар тарсан. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газраас миний нэрийг буцаан татсан. Ийм л явдал болсон. 

-Яагаад ийм бичлэг тарах болов. Та zarig.mn сайт дээр энэ талаар тайлбар өгөхдөө “Тэр ярьж байгаа хүн би мөн боловч эвлүүлсэн байсан” гэж хэлсэн байсан. Тэр яг юу болсон юм бэ?

-Он удаан жил үргэлжилсэн өр авлагатай холбоотой л яриа юм, уг нь. 2010 оноос эхтэй, хувийн асуудал л даа. Тодруулбал, охин дүүгийн минь машин, аавын хөөрөг хоёрыг Ч.Отгонжаргал, Г.Наранхүү гэдэг хоёр хүн үнэлж, зээлж авчихаад, буцааж өгөөгүй, огт төлбөр төлөөгүйгээс үүдсэн маргаан. Бичлэгт гарч байгаа яриа бол 2019 оны эхээр утсаар ярьсан яриа юм.

Олон жилийн турш Ч.Отгонжаргал, Г.Наранхүү нар өр авлага барагдуулах талаар янз бүрийн амлалт өгч, ярьж байсан. Тэгсэн хэр нь нэг ч төгрөг төлөхгүй байхаар ямар ч хүн тайван хандахгүй байх. Тэгээд би нэлээд ширүүн дориун ярьсан тал бий. 

“Чи залилан хийсэн. Чамайг цагдаад өгнө, шалгуулна” гэж хэлсэн. Тэгэхэд “Чиний мөнгийг удахгүй өгнө. Би нэг бизнес хийж байгаа. Тэрнийхээ ашиг орлогыг орохоор чамд өгье” гэж Г.Наранхүү ихэд аргадаж, гуйгаад явсан. Бас л таг болсон. Бухимдаад утсаар ярьж нэхсэн. Гэтэл удахгүй өгнө гэж хэлсэн хүн чинь ‘Чиний мөнгийг өгч амжихгүй нь ээ. Дөрөвдүгээр сард л өгвөл өгөх боломж гарах байх” гэсэн.

Би мэдээж уурлаж бухимдаж таарна биз дээ. Тэр яриаг утсан дээрээ бичиж аваад хэн нэгэнд өгсөн шиг байна лээ. Миний ярьснаас жаахан зөрөөд байгаа юм нь 461-р ангийн талаарх үг юм. Энэ хэсэг дээр оруулга хийсэн, эвлүүлсэн байна гэдэгт би итгэлтэй байгаа. Сайн тогтож сонсвол дууны өнгө, цаад дэвсгэр чимээ нь зөрүүтэй, харшсан байгаа. Ер нь “461” гэсэн үгийг би Г.Наранхүүтэй ярихдаа огт хэрэглээгүй юм.

Энэ бол би хувийн авлагаа Г.Наранхүүгээс нэхсэн агуулгатай л яриа болохоос тэнд ямар нэг авлига, хахууль нэхсэн зүйл огт байхгүй. Хэрвээ миний ярианы бичлэгийг бүтнээр нь тавих юм бол тодорхой болно. Авлига нэхсэн агуулга байсан бол бичлэгийг гаргасан хүмүүс бөөн баяр болоод явчих байсан биз ээ.

-Хувь хүн хоорондын өр авлагын асуудал ингэж улс төрийн том сэдэв болно гэдэг өөрөө анхаарал татаж байна. Бараг арван жилийн өмнөх зээлсэн мөнгөө та яагаад авч чадахгүй ингэж удсан юм бэ?

-2010 онд би миний дүү А.Ариунаагийн эзэмшлийн “Land 200” автомашин, өв дамжиж ирсэн эртний хөөрөг, дээрээс нь ах дүүгээрээ нийлж босгосон 40 сая төгрөгийг дээрх хоёр хүн хүүтэй буцааж өгөх нөхцөлөөр зээлж авсан юм. Гэвч мөнгийг минь буцааж өгдөггүй. Яг тэр үед би Англи руу сургуульд явж таарсан. 2014 онд буцаад ирэхэд Г.Наранхүү олддоггүй. Арайхийж олж уулзсан нь 2017 он. Тэрнээс хойш л өр ширээ нэхэж ярьсан утасны яриануудыг бичээд авчихсан хүн шиг билээ.

-Таны ярианаас Ч,Отгонжаргал, Г.Наранхүү гэж юун хүмүүс вэ гэсэн асуулт эрхгүй гарч ирж байна. Яагаад гэвэл хувь хүмүүсийн өр авлагын энэ яриа яагаад хууль, хүчний байгууллага, улс төрийнхний гарт оччихсон сошиалаар гарч ирж байгаа юм бэ?

-Ч.Отгонжаргал миний эртний танил. Харин Г.Наранхүүгийн тухайд бол Ч. Отгонжаргалаар дамжуулж танилцсан. Тэр хүн тухайн үед 16 нас хүрээгүй есөн охинтой бэлгийн харьцаанд орсон, хүчирхийлсэн, 500-700 ам.доллараар биеийг нь үнэлсэн гэх хэрэгт холбогдсон байсан юм билээ. Сүүлд Ч.Отгонжаргалаас асууж мэдсэн. Санаж байгаа бол тухайн үед ижил нэртэй УИХ-ын гишүүн андуурагдаж баахан шуугьсан даа.

Г.Наранхүүд эрүү үүсгэх үед Сингапур луу гарчихсан юм билээ. Би ч Англи руу явж таарсан. 2017 оны хавьд Г.Наранхүүг уулзахгүй бултаад байхаар аргаа барахдаа Ч.Отгонжаргалд хэлсэн “Ер нь өргөдөл гаргуулж, цагдаад шалгуулъя. Тэгэхгүй бол энэ арай л хэрээс хэтэрсэн юм боллоо” гэж. Түүнийг цааш дамжуулж хэлсэн байх. Г.Наранхүү нэг өдөр л өөрөө хүрээд ирсэн. “Цагдаа хуулийн байгууллагад битгий хэлээч” гэсэн.

-Монголд ирчихсэн л байж дээ.

-Тийм. Миний мөнгийг буцааж өгөөгүй хэр нь алга болсон хугацаандаа арав гаруй сая ам.долларын хөрөнгөтэй болсон байгаа юм. “Ах нь хэрэгт холбогдоод чиний мөнгийг өгч чадаагүй. Айхавтар хэрэг болохоор аргалуулахын тулд таван сая ам.долларыг нь бусдад өгч, хэргээ хаалгаад гадагш зугтсан гэж ярьсан. Үлдсэн мөнгөө залилуулчихаад баларч байна. Тэр мөнгөө авмагц чиний өрийг дарчихна, юухан байхав гэдэг юм. Иймэрхүү л яриа болсон, тэгээд л салсан. Судлаад үзсэн чинь Сингапурт байх хугацаанд нь хэргийг нь хэрэгсэхгүй болгосон нь үнэн байсан. Гэтэл Г.Наранхүүд насанд хүрээгүй охидыг зуучилсан хүн нь таван жилийн хорих ял биеэрээ эдэлсэн байх юм билээ.

-Тантай ярьсан ярианыхаа бичлэгийг хэн нэгэнд өгсөн гэсэн үг үү?

-Тэгж л таараад байгаа юм. Бодвол урьд нь түүний хэргийг аргалж, ялаас зугтаалгасан хүмүүстээ өгөө биз. Хэвлэлээс авч байгаа мэдээлэл, өөрийн биеэр мэдэрсэн нөхцөл байдлаас харахад “Бүлэглэл” гэгч үнэхээр байдаг юм байна. Тэр шударга бусын хонгилыг нь биеэр мэдэрлээ.

-Тэр бичлэг гараад ирэхэд та гайхсан уу. Юу гэж бодсон бэ?

-Бичлэг ч яахав оруулгатай эвлүүлэг юм чинь. Гол нь хэвлэл дайраад ороод ирэхээр гайхаж, балмагдсан. Гэнэтийн тулгуу байдалд орохоор “буруугүй” гэдгээ хэлэх хүсэл л давамгайлахаас олон жил сунжирсан асуудлыг зөв, цэгцтэй тайлбарлах арга эвээ олоогүй. Тиймээс би “Миний дуу хоолой мөн, гэхдээ наадах чинь эвлүүлсэн бичлэг байна” гэж хэлсэн.

-Эхний сэдэв рүүгээ буцъя. Таны нэрийг буцааж татсан ч гэлээ таныг Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамаатуулж ойлгодог болчихлоо. Та Ерөнхийлөгч Х.Баттулгатай тийм ойр хүн үү?

-Ямар ч холбоо байхгүй. Намайг Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүлэхээр судалсан, дэвшүүлсэн субъект нь Ерөнхийлөгчийн Тамгын газар. Х.Баттулга Ерөнхийлөгчтэй холбогдсон нь намайг Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд нэр дэвшүүлснээс л болсон юм.

-Өнөөдөр нийгэмд шүүгч, прокурорууд асар баян гэдэг ойлголт бий болсон. Үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгч нарын асуудал ч яригдаж байна. Та хэр баян хүн бэ?

-Яахав хууль хяналтын зарим алба хаагч хөрөнгөжсөн байгаа нь илт харагддаг л даа. Миний амьдрал жирийн л нэг хүнийх. 13 дугаар хороололд дөрвөн өрөө байранд бусдын л адил амьдардаг. Гэр бүлийн хэрэгцээний нэг суудлын тэрэгтэй. Ам бүл дөрөв, хоёр охин, эхнэртэйгээ амьдардаг. Охидууд улсын сургуульд сурцгааж байна. Ажлын гараагаа орон нутгаас эхэлсэн. Эргээд харахад мэргэжлийн карьерынхаа талаас илүүг орон нутагт ажиллаж өнгөрөөсөн байна. Миний байгаа байдал, ахуй амьдрал гэвэл ийм л байна.

Зураг