Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Заамарын уурхай орчимд болсон газар хөдлөлт хөрсний нуралтад нөлөөлсөн байх магадлал туйлын бага"

Г.Номин, iKon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
 

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд болсон хөрсний нуралтыг тус бүсэд болсон газар хөдлөлттэй холбоотой гэж үзэж буйгаа тус компаниас албан ёсоор мэдэгдээд байна.

Тэгвэл уг газар хөдлөлт хөрс нурахад нөлөөлсөн эсэхийг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.Батсайханаас тодрууллаа.

- Энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн талаар мэдээлэл өгөөч?

- 2019 оны хоёрдугаар сарын 27-нд Улаанбаатарын цагаар 22 цаг 45 минут 10 секундэд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэр буюу Заамарын уурхай орчимд 4 магнитудын газар хөдлөлт болсон.

Уг газар хөдлөлт голомтдоо хамгийн ихдээ 6 баллын хүчтэй доргилт үүсэхээр байсан. Газар хөдлөлтийн голомтоос алслах тутам хүч нь саардаг зүй тогтолтой. Хөрсний нуралт болсон ил уурхайн хувьд газар хөдлөлтийн голомтоос 40 км зайтай байршилд байна. Голомтоос 40 км-н зайнд ойролцоогоор 4 баллын доргилт мэдрэгдэх магадлалтай.

 

Монгол Улсын нутаг дэвсгэрт станц газар хөдлөл бүртгэх 100 гаруй станц ажилладаг. 

Хоёрдугаар сарын 27-нд болсон газар хөдлөлтийг станцуудад бүртгэгдсэн байдлыг харвал,

 

- Осол болсон уурхайд 4 баллын хүчтэй чичирхийлэл үүссэн байна. Энэ нь хөрсний нуралт үүсэхэд нөлөөлж болох уу?

- 4 баллын хүчтэй чичирхийллийг гадаа байсан хүн бараг мэдэрдэггүй. Өндөр байшин дотор байгаа хүн мэдрэх магадлалтай.

4 баллын доргилт үүсэхэд тэр хавийн хөрсөнд 0.03 см буюу 1 мм-г гурав хуваасантай тэнцэх хэмжээний хөрсний шилжилт явагддаг. Уурхайн хүнд даацын автомашины үүсгэж буй доргилт үүнээс хамаагүй илүү.

Тэгэхээр тус газар хөдлөлт хөрс нурахад нөлөөлсөн гэж үзэх магадлал туйлын бага. Газар хөдлөлт гэхээсээ илүү тухайн орчмын ус хөрс нурахад нөлөөлсөн болов уу. Мөн нуралт үүсэхийн өмнөх өдрүүдэд цаг агаар дулаан байсан нь нар тусч буй талын даланд тогтсон мөсийг хайлуулсан байх магадлалтай.

Хүснэгт.

Балл

Тайлбар

Магнитуд

Тайлбар

I

Хөрсний/хэлбэлзэл/ долгион зөвхөн газар хөдлөлтийн багажид тэмдэглэгдэнэ.

2.5

Зөвхөн багажид бичигдэнэ

II

Маш тайван орчинд хүмүүс анзаарна

III

Цөөн тооны хүмүүс чичиргээг мэдэрнэ

3.5

Мэдэгдэм сул газар хөдлөлт

IV

Олонх хүмүүст мэдрэгдэнэ. Цонхны шил доргино

V

Дүүжлээстэй эд зүйл савлаж, унтаж байсан хүмүүс сэрнэ.

VI

Зарим барилга байгууламжид хөнгөн гэмтэл учирч өнгө шавардлагад ан цав үүснэ.

4.5

Мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт

VII

Барилга байгууламжийн өнгөн шавардлагад нь цав үүс ч шавар нь ховхорч унана.

- Тухайн бүсийн газар хөдлөлт болох магадлалын талаар тодруулж мэдээлэл өгөөч?

- Өнөөдөр хүчин төгөлдөр ашиглагдаж байгаа Монгол Улсын нутаг дэвсгэрийн Газар чичирхийллийн зургаас харвал Заамар сум 8 баллын бүсэд оршиж байна.

Доорх зурагт хаана, ямар бүсэд хэдэн баллын хүчтэй чичирхийлэл үүсэхийг харуулсан.

 

Судлаач хүний хувьд хэлэхэд газар хөдлөлт рүү бүх бурууг хамааруулж болохгүй. Газар хөдлөлт бол хоромхон зуур болоод өнгөрдөг үйл явц. Хүчтэй газар хөдлөлтийн үед хүн маш ихээр айдаг ч хүний амь авах эрсдэл нь маш бага байдаг. Бидний байгуулсан байгууламж буюу байшин, нүх, далан стандартын шаардлага хангаагүйгээс үүдээд л хүний амь нас эрсдэх нөхцөл үүсдэг.

Монгол орны газар хөдлөлтийн мужлалын зургийг магадлалт тооцооны аргаар боловсруулан, шинэ зураг бэлэн болоод байгаа. 500, 2500 жилийн давтагдах хугацаатайгаар тооцоолж зургийг гаргасан.

500 жилийн давтагдах хугацаатай газар хөдлөлийн мужлалын зурагт Заамар сум 6 баллын бүсэд багтах болсон.