Хоккейн спорт өндөр түвшинд хөгжсөн АНУ, Канад, Швед, Финланд улсуудын дунд болдог “4 Nations Face-off” тэмцээний шигшээ тоглолт Пүрэв гарагт Бостон хотод болоход Канад улсын баг АНУ-ын багийг хожиж, аваргын цомыг өргөсөн юм.
Хоёр улсын хооронд худалдааны дайн, тусгаар тогтнолтой холбоотой улс төрийн маргаан зөрчил ид өрнөж буй үед уг тоглолт болсноороо онцлог байв.
Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн хойд хөрш Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох санааг олон удаа давтан илэрхийлж байгаа.
Тэмцээний дараа Канадын ерөнхий сайд Жастин Трюдо сошиал хуудсандаа “Та нар манай улсыг авч чадахгүй, бас манай наадмыг ч авч чадахгүй” гэж бичсэн нь Трампын санаархалд хариу өгсөн хэрэг байв.
Сүүлийн үед Канадад болсон уралдаан тэмцээнүүдийн үеэр хөгжөөн дэмжигчид АНУ-ын төрийн дууллыг эгшиглэхэд эсэргүүцсэн дуу авиа гаргах үзэгдэл түгээмэл болсон.
Харин энэ удаа тоглолт АНУ-ын хотод болсон тул америкчуудын “бүүлэх” чимээ тасрахгүй байлаа.
Гэтэл энэ үеэр Канадын төрийн дууллыг дуулсан дуучин Америкчуудад эсэргүүцэл илэрхийлэх зорилгоор зориуд үгийг нь өөрчилж дуулжээ.
Тухайлбал дуучин Чантал Кревиазук дууллын “бүгдийг удирддаг” гэсэн үгийг санаатай “зөвхөн биднийг удирддаг” болгон өөрчилж дуулсныг түүний бие төлөөлөгч хэвлэлд тайлбарлан ярьсан байна.
Сүүлд дуучин өөрөө сошиал хуудсандаа “Бид хүч хэрэглэх, дээрэлхэх гэсэн аливаа үйлдлийн хариуд уур бухимдлаа илэрхийлэх ёстой” гэж бичжээ.
Уг тоглолтыг АНУ-ын ерөнхийлөгч биечлэн үзээгүй ч тамирчдадаа урьдчилан амжилт хүсэж байв.
Ингэхдээ Трамп бас Канадыг 51 дэх муж болгох санаагаа дахин илэрхийлж байжээ.
Тоглолтын өмнө тамирчдадаа амжилт хүсэхдээ тэр Канадыг “хэзээ нэг цагт, магадгүй удахгүй, манай маш чухал 51 дэх муж болно гэдэгт итгэлтэй байна” гэж сошиал хуудсандаа бичсэн юм.
Пүрэв гарагийн тоглолт нь Умард Америкийн хөгжөөн дэмжигчдийн удаан хүсэн хүлээж байсан тулгаралт болжээ.
Хоёр улсын үндэсний шигшээ багууд 2014 оны Өвлийн Олимпын наадмаас хойш хоорондоо таарч тоглоогүй байсан юм.
АНУ, Канадын шигшээ багууд 1976 оны Канадын Цомын тэмцээнээс хойш 20 удаа тулгарахад канадчууд 14 удаад нь ялж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!