Хөршийн холбоог сайжруулан нэгэндээ дэм тустай, элэгсэг байхыг уриалсан төслийг "Зөв найзууд" ТББ-аас санаачлан хоёр дахь удаагаа эхлүүлэх гэж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ.
Тус байгууллагаас 2022 онд "Сайн хөрш" хэмээх анхны төслөө төрийн гурван өндөрлөг болон нийслэлийн Засаг даргад өргөн барьж байжээ. Харин энэ удаад төслөө улам сайжруулж, шинэчилжээ.
Айл хүний амь нэг, Саахалт хүний санаа нэг хэмээн нийгмээ хамтдаа бүтээж, соён гэгээрүүлж ирсэн уламжлалаа баримталж хөршийн холбоог сайжруулж, эерэг хандлагыг түгээх нь уг төслийн зорилго аж.
Тус ТББ-аас төслийн зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэхийг хүссэн хүсэлтээ өнөөдөр төрийн гурван өндөрлөг, нийслэлийн Засаг даргад өргөн барьж байна.
"Зөв найзууд" ТББ-ын тэргүүн "Хашаа, байр орон сууц, хувь хүн гээд бүгд нэгэндээ хаалттай болжээ. Бүгд сэтгэлээ нээж, зөв хандлагын аяныг түгээн дэлгэрүүлэхийг хүсэж байна. Өмнө нь төслөө бид дүүрэг, аймагт гээд хэсэгчлэн хэрэгжүүлж байлаа. Үр дүн сайн гарсан. Иргэд манай төслийг дэмжиж, өргөн хүрээтэй хэрэгжүүлэхийг хүсдэг байлаа. Төсөл хэрэгжсэнээр бодит үр дүнгүүд гарч болохыг бид харсан учраас дэмжиж өгөхийг төрийн гурван өндөрлөг, нийслэлийн Засаг даргаас хүсье" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!