“ЦАГААН ДЭЛ” уулын нутагт боомт нээх Засгийн газрын 2014 оны шийдвэрийг хүчингүй болгох асуудлаар Өмнөговь аймгийн иргэд, ТББ-уудаас Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөл: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 46 дугаар тогтоол нь хилийн болон боомтын тухай хуулийг зөрчсөн байна. Бидний ярьж буй Монголын урд хязгаар, ар халхын буян заяаг дааж яваа Хонгор морьтын хөтөл Цагаан дэл уулын газар нутаг сүйдэх аюултай тулгараад байна.
33 говийн эх болсон энэ уулын газар нутаг сүйдэх нь зөвхөн Өмнөговь аймгийн бус Монгол ард түмний асуудал юм. Монголын торгон сайхан говь нутаг амгалан дагшин байх ёстой. Бидний өвөг дээдэс халуун амь бүлээн цусаа урсгаж, ноорхой дээлтэй, цоорхой дээлтэй байх үедээ эх орон газар шороогоо худалдаагүй.
Гэтэл Засгийн газар 46 дугаар тогтоолоор боомт нээх шийдвэр гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр бидэнд хэлэхдээ "Би ерөнхий сайд байх хугацаандаа энэ газарт боомт нээлгэхгүй" гээд түдгэлзүүлсэн.
Одоо бол түдгэлзүүлсэн 2014 оны 46 дугаар тогтоолоо хүчингүй болгох шаардлагыг бид хүргүүлж байна. Монголын төрийг 44 жил удирдсан Батмөнх даян хааны төрсөн энэ газар нутаг сүйдэж байна.
Байгаль хамгаалах Номгон санаачилга ТББ-ын тэргүүн н.Цэндоо: Монгол Улсын үүдэн босго, өмнөд хилээ хамгаалахаар тэмцэж буй малчдын төлөөлөл билээ бид. Өмнөговь аймагт гурав дахь боомт нээх 2014 оны Засгийн газрын тогтоолыг Захиргааны хэргийн шүүхэд өгөөд хэрэг үүсгээгүй.
Энэ бол Үндсэн хуулийн цэцэд шийдвэрлэх асуудал хэмээн шүүгчид хэлсэн. Анхны шийдвэр нь хууль бус гарсан учраас боомттой холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байр суурьт бид хүрсэн. Говийн бүсээс сонгогдсон долоон гишүүдэд хандсан байгаа.
Манай улс эдийн засгийн хувьд Хятад улсаас 91 хувийн хараат болсон. Цагаан дэлийн боомт бол Хятадын шахалтаар эрх ашгийг нь хангах гаж буй улаарч буй хэрэг.
Бид тэмцлийн үйл ажиллагаагаа зогсоохгүй. Эх орон, газар нутгаа тавьж туухаас өмнө Засгийн газар жолоогоо тат. Хятадын хараат эх оронд хүүхдээ үлдээх гээд байна. Уугуул иргэдийн эрх ашиг маш их хөндөгдөж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!