Уншиж байна ...
Зураг
Зураг

Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина

Б.Манлай
Өчигдөр 15 цаг 57 минут
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 303 сургуульд 380,621 сурагч суралцаж байна. Нийт сургуулийн 76 хувь нь буюу 231 сургууль хотын төвд байрладаг бөгөөд тэдгээр сургуульд 294,156 сурагч суралцаж байгаа юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн датанд тулгуурлан судлаачдын тооцоолсноор ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчимд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Хичээлтэй үед өдөрт 241,924 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол амралттай үед 132,501 болтлоо 54.7 хувиар хөдөлгөөний ачаалал буурдаг байна.

Тиймээс бага сургуулиудын хотын төв рүү төвлөрч буйг сааруулахын тулд гэр хорооллын бүсэд дэд төвүүд байгуулж, дэд төвийнхөө орчимд сургуулиуд барихаар төлөвлөжээ. Энэ нь агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулахад бодитоор хувь нэмрээ оруулна гэж эрдэмтэд, мэргэжлийн байгууллагынхан тооцоолсон байна.

Эхний ээлжид Шар хад дэд төвд дөрөв, Сэлбэ дэд төвд дөрөв, Баянхошуу дэд төвд хоёр, Толгойт дэд төвд хоёр, нийт 12 бага сургуулийг барихаар төлөвлөжээ.

Харин хоёрдугаар ээлжид 14 бага сургуулийг бусад хүртээмжгүй байгаа хэсэгт барина. Ингэснээр нийт 26 шинэ сургуульд 21,840 суралцагч сурах боломж бүрдэх аж.

Төвийн сургуулиуд руу зорчих хөдөлгөөнөөс шалтгаалж, ажлын өдрүүдэд өглөөний 07:00-09:00 цагийн хооронд 32 хувиар, оройн 17:00-20:00 цагийн хооронд 21 хувиар замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг бол амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өглөө, оройн дээрх цагуудад 12 хувьтай байдаг байна. Нийт суралцагчдын 47.7 хувь нь бага ангийнхан байгааг анхаарах цаг болжээ.

зураг
 
зураг