Өмгөөлөгчийн дүрээр шүүхийн танхимд нэвтэрсэн алуурчин цуутай гэмт хэргийн бүлгийн толгойлогчийг буудаж алсныг Шри-Ланка улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ.
Аллагад ашигласан гар бууг нэгэн эмэгтэйн шүүхийн танхимд авч орсон номын дотор талыг ухаж нуусан байсан гэнэ.
Лхагва гарагт хэд хэдэн хүн амины хэрэгт холбогдсон гэмт хэргийн бүлгийн толгойлогч Санжева Кумара Самараратнег нийслэл Коломбо хотын шүүхийн танхимд өндөр харуул хамгаалалтын дор авчирч байжээ.
Тэрбээр 2023 оны есдүгээр сараас хойш хоригдож байсан юм.
Санжеваг буудуулсны дараа эмнэлэгт хүргэсэн ч удалгүй амьсгал хураасан байна.
Алуурчин шүүхийн танхимаас зугтаж чадсан ч удалгүй баривчлагджээ. Цагдаа нар одоо түүний хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
Харин шүүх танхимд галт зэвсэг нэвтрүүлсэн 25 настай эмэгтэйг эрэн сурвалжилж, түүнийг баривчлахад тусалсан хүнд мөнгөн шагнал олгохоо эрх баригчид зарласан байна.
Цагдаа нар бас хоёр сэжигтэнд тусалсан байж болзошгүй цагдаагийн албан хаагч, шүүхийн жолооч нарыг баривчлан шалгаж эхэлжээ.
Сүүлийн үед Шри-Ланка улсад зохион байгуулалттай гэмт хэргийн үйл ажиллагаа эрчимжиж, өрсөлдөгч бүлгүүдийн хоорондын тэмцэл хурцдаад байгаа.
Аллага гарсан Лхагва гарагт тус улсын парламент гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэж байжээ.
Энэ он гарснаас хойш гэмт хэргийн бүлгүүдийн хооронд гарсан буудалцааны улмаас есөн хүн амиа алдаад байна.
Пүрэв гарагт Шри-Ланкын хууль зүйн сайд Харшана Нанаяаккара зарим онцгой хүмүүсийг шүүх үеэр шүүхийн танхимд зэвсэглэсэн харуул байлгадаг болох гэж байгааг мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!