Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, улаанбурхан болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулав.
Одоогоор улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн гурван тохиолдол батлагдаад байна.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр "Улаанбурханы вакциныг есөн сартайд болон хоёр настайд хийдэг. Вакцин хамрагдаагүй хүүхэд болон насанд хүрсэн хүмүүс, энэ өвчнөөр өвдөөгүй хүмүүс халдвар авах магадлалтай.
Улаанбурхан нь халдварлалт өндөртэй. Харьцуулбал коронавирусээр халдварласан нэг иргэн дөрвөн хүнд халдвар тараадаг бол улаанбурхан өвчний үед 15 хүртэлх хүнд халдвар тараах боломжтой. Энэ өвчнөөр өвдсөн хүнтэй ойрхон зөрөх, нэг өрөөнд ороод гарахад л халдвар авах магадлал 100 хувь.
Иймд вакцинд хамрагдаагүй хүүхдүүд нөхөн дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай.
Үргэлжлүүлэн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө.
Энэ оны долдугаар долоо хоногт томуу, томуу төст өвчин алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Амбулаторийн үзлэг болон түргэн тусламжид үзүүлэх хувь өмнөх долоо хоногуудтай ижил 6.5-6.8 байгаа юм.
Илэрч буй вирусийг шинжлэхэд томуугийн А хүрээний вирус, томуу төст вирусээс амьсгалын замын синцитиаль, реновирус давамгайлж байна. Вирусийн орчилд дурдсан гурван вирусээс гадна аденовирус шинээр нэмэгдсэн байна. Энэ нь амьсгалын дээд замын үрэвсүүлж, чих хамар хоолой болон нүдний салстын үрэвсэл үүсгэдэг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!