Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө “хаан” хэмээн өргөмжилсөн нь олон хүнийг бухимдуулсан юм.
Тэрбээр Нью-Йорк хотын төвд нэвтрэх автомашинуудаас “түгжрэлийн хураамж” авдаг болох хотын захирагчийн шийдвэрт хориг тавьсныг сошиал хуудсаараа зарлахдаа ингэж бичсэн юм.
“Түгжрэлийн хураамж үхсэн. Манхэттэн болон Нью-Йорк бүхэлдээ аврагдлаа. Хаан түм наслаг!” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ.
Удалгүй Цагаан ордны албан ёсны сошиал хуудас үүнийг нь дахин нийтлэхдээ Трампыг хаан титэм зүүснээр харуулсан гар зургийг хавсаргасан юм.
Тэгвэл маргааш нь Америкийн “попын хатан хаан” хэмээн өргөмжлөгддөг дуучин Мадонна түүнийг шүүмжилсэн агуулгатай мэдэгдлийг өөрийн сошиал хуудсанд нийтэлжээ.
“Энэ улсыг хүмүүсийн засаглалтай Шинэ Ертөнцийг хүссэн европчууд хааны дэглэмээс зугтаж ирээд байгуулсан гэж би боддог. Гэтэл одоо бид өөрийгөө Хаанд өргөмжилдөг ерөнхийлөгчтэй болжээ. Хэрвээ энэ хошигнол бол миний инээд хүрэхгүй байна” гэж 66 настай Мадонна бичсэн юм.
Тэрбээр бүр эхний бүрэн эрхийн хугацааны үеэс нь эхлэн Трампын засаг захиргааны бодлогыг шүүмжилдэг нэгэн байсан.
Сүүлийн үед Трамп хэлсэн үгэндээ өөрийгөө онцгой, тусгай хүн гэсэн утга санааг илэрхийлдэг болоод байгаа.
Тэрбээр ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэрээ “Америкийг дахин хүчирхэг болгохын тулд бурхан намайг аварсан юм” гэж хэлсэн нь долдугаар сард болсон амь насанд нь халдах оролдлогоос эсэн мэнд үлдсэнээ ямар нэг хувь тохиол болохыг илэрхийлсэн хэрэг байв.
Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ерөнхийлөгч болсныхоо дараа АНУ-д анх удаагаа түгжрэлийн хураамж нэвтрүүлэхээр болсон Нью-Йорк хотын захирагчийн шийдвэрийг цуцлахаа амлаж байсан юм.
Энэ долоо хоногт АНУ-ын тээврийн яам шийдвэрээ цуцлах чиглэлийг Нью-Йорк хотын захиргаанд хүргүүлжээ.
Ардчилсан Намаас томилогдсон тус хотын захирагч Кэти Хочул холбооны засаг захиргааны хоригийг шүүхэд давж заалдахаар болсноо зарласан байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!