Уншиж байна ...
Зураг
Зураг

Хулгайлагдсан зээлийн картаар сугалаанаас 500,000 евро хожсон хүмүүст картны эзэн мөнгөө хуваалцах санал тавьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Орон гэргүй хоёр хүн бусдаас хулгайлсан зээлийн картаар сугалаанаас тасалбар аваад 500,000 евро хожжээ.

Гэвч тэд энэ мөнгийг нэхэх эрхгүй юм. Харин картаа хулгайд алдсан хүн сугалааны тасалбарыг өөрт нь авчирч өгвөл мөнгийг хуваалцах санал тавьсан байна.

Киноны зохиол шиг энэ үйл явдлын тухай саяхан Францын “Le Parisien” сонин мэдээлжээ.

Хоёрдугаар сарын 3-ны өдөр орон гэргүйчүүд Францын баруун өмнөд бүсийн Тулуз хотын төвийн зогсоолд байрлуулсан автомашинаас бичиг баримт, зээлийн карт бүхий цүнхийг хулгайлсан юм байна.

Хохирогчийг сонины нийтлэлд 42 настай Жан-Давид гэж нэрлэжээ.

Тэрбээр хулгайд эд зүйлээ алдсаны дараа цагдаад мэдэгдэж, картаа хаалгасан байна.

Гэтэл банкнаас түүнд картыг хаахаас өмнө 52.5 еврогийн гүйлгээ гарсныг мэдээлжээ.

Уг гүйлгээг автомашины зогсоолоос 500 метрийн зайд оршдог жижиг дэлгүүрт хийсэн байсан гэнэ.

Жан-Давид тус дэлгүүрт очиж, хяналтын камерыг нь шалгажээ.

Хулгайч нар тус дэлгүүрээс тамхи, хусаж арилгадаг сугалааны тасалбар худалдаж аваад явсныг дэлгүүрийн худалдагч мэдээлсэн байна.

Удалгүй тэд маш их баяр хөөртэй буцаж ирээд сугалаанаас хожсон 500,000 еврогоо хэрхэн авахыг худалдагчаас асуужээ.

Худалдагч тэдний хэлсэнд эргэлзээд тасалбарыг шалгаж үзэхэд үнэхээр ийм мөнгө хожсон байсан гэнэ.

Гэхдээ мөнгийг авахын тулд үндэсний хэмжээнд сугалааг зохион байгуулдаг “Française des Jeux” байгууллагад хандахыг тэр зөвлөсөн байна.

Гэвч тэд хонжворын мөнгийг авахаар дээрх байгууллагатай холбогдолгүй өнгөрчээ.

Хулгайн хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаа нар бас азын дугаартай сугалааны тасалбарыг “царцаах” арга хэмжээ авсан байна.

Харин хохирогч Жан-Давид хулгайч нарт өмгөөлөгчтэй нь холбоо барихыг уриалжээ.

Тэрбээр тасалбарыг авчирч өгвөл хонжворын мөнгийг “найрсгаар”хуваалцах хүсэлтэй байгаа юм байна.

“Тасалбарыг эзэмшиж байгаа хүмүүс айх хэрэггүй. Бидний санал бол энгийн. Миний үйлчлүүлэгчийн мөнгөгүйгээр тэд хожихгүй байсан. Тэдэнгүйгээр миний үйлчлүүлэгч хожихгүй байсан. Энэ тохиолдолд мөнгийг хуваалцах нь мэдээжийн хэрэг юм” гэж Жан-Давидын өмгөөлөгч ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian