Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн гурван тохиолдол бүртгэгдээд буй.
Иймээс Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс гадаад улсад зорчихоор төлөвлөж байгаа иргэдэд дараах зөвлөмжийг хүргэлээ.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Таны очих гэж буй улсад ямар өвчлөл өндөр байна вэ, дэгдэлт байдлаар бүртгэгдэж байна уу. Үүнээс өвөрмөц болон өвөрмөц бус байдлаар яаж хамгаалах вэ талаар мэдлэгтэй болох хэрэгтэй.
Тухайн улсад очихдоо вакцинжуулалтад хамрагдсан эсэхээ анхаарах, онцын шаардлагагүй бол халдварт өвчний дэгдэлт гарч буй улсад аялахгүй байх, төлөвлөгөө өөрчлөхийг зөвлөж байна.
Өвчлөл бүртгэгдсэн нислэгээр ирсэн иргэд гэртээ өөрийгөө тусгаарлах, өвчний нууц үеийн хугацаанд хүнтэй уулзахгүйгээр биеэ ажиглах хэрэгтэй.
Эрүүл мэндийн байгууллагаас танд зөвлөгөө өгөх, тандалт судалгаа авахаар залгах үед утсаа авч зөвлөмжийг чанд сахина уу" гэлээ.
Түүнчлэн тэрбээр "Аливаа халдварт өвчнөөс хамгаалах хамгийн энгийн арга бол гар угаах байдаг. Гараа савандаж зөв дарааллын дагуу, бохирдсон тухай бүрд угааснаар олон өвчнөөс сэргийлэх боломжтойг иргэд мэддэг. Гэхдээ үүнийгээ тогтмол санаж, дадал хэвшил болгох нь зүйтэй.
Мөн амны хаалтыг зөв зүүх шаардлагатай. Нийгмийн харилцаанд орох, нийтийн тээврээр зорчих, дэлгүүр худалдааны төвөөр явахдаа амны хаалтаа тогтмол хэрэглэх шаардлагатай. Ингэснээр агаар дуслын халдвараас сэргийлж, өвчлөхгүй байх боломжийг олгодог.
Үүний дээр ам зайлах уусмал бэлдэж, долоо хоног бүр ээлжилж зайлбал халдвараас сэргийлэх боломжтой" гэв.
Энэхүү нислэгээр ирсэн 230 хүн бий аж. Тэдэнд утсаар мэдээлэл хүргэж буй бөгөөд заримынх нь утас холбогдохгүй, мэдээлэл авч чадаагүй иргэд байгааг ХӨСҮТ-ийн дурдаж байв. ХӨСҮТ-ийн авсан мэдээллээр тухайн нислэгт вакцин хамрагдаагүй бага насны хүүхдүүд, томчууд байгаа юм. Эдгээр хүн өвчний нууц хугацаанд халдвар тараах эрсдэлтэйг онцлон хэлж байлаа. Улаанбурхан өвчний нууц хугацаа дунджаар 7-11 гэдэг ч 7-28 хоног хүртэл байх боломжтойг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр хэлэв.
Олон улсад халдварт өвчнүүд зөөвөрлөгдөн бүртгэгдэх нь их байгаа тул өөр бусад орноос ирсэн ч өндөр халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д хандахыг зөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!