Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны санхүүгийн ил тод бус байдлыг эсэргүүцсэн иргэдийн хүсэлтээр өнгөрсөн сарын 10-ны өдөр тус холбооны Удирдах зөвлөлөөс тогтоол гарсан билээ. Уг тогтоолд "Монголын хөлбөмбөгийн орчинд үүссэн асуудлыг судлах, шийдвэрлүүлэх Түр хороо"-г байгуулахаар болсон юм.
Ажлын хэсэг байгуулагдсан цагаасаа хойш буюу өнгөрсөн сарын 27-ны өдрөөс тус холбооны Санхүүгийн албанаас холбогдох зарим баримтыг хүлээн авчээ.
Түр хорооны зүгээс энэ сарын 10-ны өдөр МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Ганбаатарт шаардлага хүргүүлсэн юм. Тус шаардлагад Түр хорооны гишүүдэд өгсөн баримт дутуу байгаа тул нэмэлт баримт мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Гэвч тэд хүссэн мэдээллээ олж авч чадаагүй байна.
Тэгвэл өнөөдөр Түр хорооны гишүүд цаг үеийн асуудлаар өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны байранд хэвлэлийн хурал зарлалаа.
Санхүүгийн үйл ажиллагааг шалгах Түр хорооны ахлагчаар холбооны дэд ерөнхийлөгч И.Сарангэрэл, зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар, Д.Нанжид, М.Ганбаатар, М.Баярмагнай, хөндлөнгийн төлөөлөл Г.Мөнхчулуун, Ц.Мөнх-Эрдэнэ, С.Эрдэнэбат, Э.Ганзориг гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм.
Хурлын эхэнд Г.Мөнхчулуун "2024 оны санхүүгийн төсвийг Их хурлаас ₮10.6 тэрбумыг зарцуулна гэж баталсан. Тэгвэл FIFA болон AFC-гээс орж ирсэн орлогын дүн нь $3.1 сая. Үүнийг тухайн үеийн ханшаар хөрвүүлбэл ойролцоогоор ₮11 тэрбум төгрөг орж ирсэн байна.
Гэхдээ үүнд МХБХ-ны төгрөгийн бусад дансанд дотоодын хөрөнгө оруулалтаар орсон орлогыг холбогдох баримт бичиг олдоогүй тул нарийвчлан тооцоолох боломжгүй.
Дансны гүйлгээнээс харахад холбооны байгууламжийг удаа дараа барьцаалж байсан нь илэрсэн. Тодруулбал ₮500 сая төгрөгөөр хоёр удаа Голомт банканд барьцаалсныг тогтоосон. Бидэнд олдсон мэдээллээр уг барьцааг сулласан гэж байгаа ч ямар зорилгоор байгууламжийг барьцаалсан нь тодорхойгүй хэвээр байна" гэж онцолсон юм.
Эндээс харвал өр нэмэлтээр үүсэх нөхцөлгүй, төсөвлөсөн мөнгө нь биелэх байтугай давж биелсэн байх магадлалтай байна.
Холбооны нарийн бичгийн дарга асан Т.Дагвадорж нь холбооны өр 2023 онд ₮3.8 тэрбум байснаа 2024 онд ₮1.8 тэрбум болж нэмэгдсэн. Үүний улмаас нийт ₮5.8 тэрбум төгрөгийн өртэй байгаа гэх мэтээр тайлбарлаж байв.
Энэ талаар Удирдах зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар "Холбооны санхүү хүнд нөхцөлд байхад бидний авсан мэдээллээр
Тэвчиж болох олон зардал байсан ч энэ үүргээ гүйцэтгээгүй. Зарим санхүүгийн гүйлгээг одоо ч бүрэн аваагүй. Ийм зорилгоор тийм данс руу мөнгө шилжүүлсэн гэдэг баримт байгаа ч тухайн дансны эзэмшигч нь тодорхойгүй байна" гэсэн юм.
Түр хорооны гишүүн Э.Ганзоригоос сэтгүүлчид санхүүжилтийн асуудалтай холбоотойгоор FIFA-гаас ямар хариуцлага тооцох талаар тодруулахад "FIFA-гаас олон улсын санхүүгийн аудитын байгууллагатай гэрээтэй ажилладаг. Тус байгууллагаас жил бүр шалгалт явуулдаг гэж ойлгож байгаа.
Тус аудитын байгууллагын ахлах мэргэжилтнүүд Монгол дахь салбарын ахлахтай нь хамт ирээд шалгаж байна.
Холбооны удирдлагуудын мэдэгдсэнээр манайд хөндлөнгийн аудит, дотоодын аудит, Азийн болон Олон улсын холбооноос шалгадаг гэсэн боловч бидэнд одоогоор аудитын дүгнэлт гэсэн баримт олдоогүй.
Манайд ирсэн олон улсын аудитын байгууллага нь шалгасан ажлаа манай холбоонд ирүүлдэггүй. FIFA-д тайлбараа өгөөд тус холбооноос бидэнд жил бүр зөвлөмж ирдэг.
Гэвч уг зөвлөмж нь ганц Гадаад харилцаа хариуцсан хүнээр дамжаад л бусад хүнд хүрдэггүй. Зөвлөлийн гишүүд, холбоонд ажиллаж буй хүмүүс гээд бүгд мэддэггүй. Олон нийтэд тайлагнаж чаддаггүй гэсэн үг.
Энэ шалгалтаар зөрчлүүд илэрвэл төслийн санхүүжилтээ зогсооно. Цаашлаад орж ирсэн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдвол МХБХ авсан мөнгөө буцааж төлөх шаардлагатай болно" гэсэн юм.