Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) ойрын өдрүүдэд бужигнаж байна. Тус холбооны Техникийн хэлтсийнхэн удирдлагуудын ил тод бус байдлыг шүүмжилж, шаардлага хүргүүлсэн бол энэ сарын 10-нд болсон Зөвлөлийн ээлжит бус хурлын үеэр иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Тэгвэл шаардлага хүргүүлсэн Техникийн хэлтсийн гурван хүнийг ээлжит бус хурал болдог өдөр ажлаас халснаа мэдэгдсэн. Тодруулбал Өсвөрийн хөлбөмбөг, Элит Академи хариуцсан ахлах мэргэжилтэн С.Эрдэнэбат, Футзал, элсний хөл бөмбөг хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэ-Очир, Хүүхэд хамгааллын мэргэжилтэн, техникийн хэлтсийн нарийн бичиг С.Ундрахбат нарыг ажлаас халжээ.
Энэ асуудлаар Өсвөрийн хөлбөмбөг, Элит Академи хариуцсан ахлах мэргэжилтэн асан С.Эрдэнэбатаас товч тодруулга авлаа.
- Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулахгүй юу?
- Би сүүлийн гурван жил гаруйн хугацаанд МХБХ-ны Техникийн хэлтсийн Өсвөрийн хөлбөмбөгийн хөгжил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Хөлбөмбөгийн спортын Олон улсын хэмжээний мастер цолтой. Азийн Хөлбөмбөгийн Холбооны дасгалжуулагчийн "А" зэрэглэлтэй.
Өөрөө тоглогч байхдаа 1984 оноос 2003 он хүртэл Монголын хөлбөмбөгийн дээд лигийн түвшинд тоглосон. 1993 - 1998 онд Үндэсний шигшээ багийн тоглогч, 1998 онд Тайландад болсон Азийн Наадамд шигшээ багийн ахлагчаар оролцож байлаа.
Тамирчны замналаа өндөрлүүлээд дасгалжуулагч болоод 2011 - 2013 онд Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан. Үүний дараа "Дэрэн" клубийн өсвөрийн баг, БНХАУ-ын Шилийн Гол аймагт коллежийн багт ажиллаж байгаад 2021 оны наймдугаар сараас эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2023 он хүртэл удирдсан.
- МХБХ тойрсон асуудал сүүлийн үед эрчимжлээ. Энэ асуудал юунаас эхтэй вэ?
- Манай Техникийн хэлтэс бол холбооны бодлого, төлөвлөлтийг хийдэг. Манай хэлтэс Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA), Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-ны санхүүжилтээр хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрийн дагуу ажилладаг.
Гэтэл сүүлийн үед холбоо мөнгөгүй гэдэг шалтгаанаар ямар ч ажил хийгдээгүй.
Холбооны зүгээс хийх ёстой хамгийн чухал ажлын нэг бол дасгалжуулагчийн сургалт. "B" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг ч зохион байгуулж чадахаа больсон.
Дасгалжуулагчийн зэрэглэл авсан хүн хоёр жилийн хугацаанд тэр зэрэглэлдээ тохирсон дасгалжуулагчийн ажлаа хийж байж дараагийн зэрэглэл ахих боломж нээгддэг. Энэ мэтээр ажлаа хийх гэхээр санхүүжилтгүй гэдэг тайлбар тавьдаг болсон.
Үүнээс үүдэлтэйгээр төслөөр орж ирсэн мөнгийг юунд зарцуулсан бэ, санхүүгийн тайлангаа ил тод болго гэдэг шаардлагыг удирдлагадаа хүргүүлсэн. Бидний шаардлагын дагуу Зөвлөлийн ээлжит бус хурал зарлаад түр хороо байгуулж, нээлттэй хэлэлцүүлэг хийнэ гэсэн боловч үүнийгээ хийгээгүй.
Ингээд манай хэлтсээс шаардлагаа улам лавшруулж, Ерөнхий Нарийн бичгийн дарга Т.Дагвадоржийг холбооны дэргэдэх ёсзүйн хороонд өгсөн.
Дотоод асуудал нь хүндрэлтэй, ажил урагшлахгүй байгаа мөртлөө энэ сарын 10-нд Зөвлөлийн ээлжит бус хурал зарлаад хэлэлцэх асуудалд нь бидний тавьсан шаардлага огт ороогүй.
Хурал болох өдрийн өглөө нь Т.Дагвадорж өрөөндөө дуудаад "Тантай цаашид ажиллах боломжгүй боллоо" гээд халагдсан тушаалыг минь танилцуулсан.
- Таныг юунаас болж ажлаас халсан бэ?
- Ажлаас халсан тушаал дээрээ тодорхой тайлбар бичээгүй. Тайлангаа цаг тухайд нь өгдөггүй гэсэн байгаа юм.
Манай хэлтэст 21 дасгалжуулагч гэрээгээр ажилладаг. Нас, насны багт ажилладаг хүмүүс бүгд сар бүр тайлангаа цаг тухайд нь өгдөг. Тэр тайланг нь бид хүлээж аваад санхүүгийн хэлтэстээ танилцуулдаг. Бид нар ажлын тайлангаа Хэлтсийн захиралдаа танилцуулдаг бол манай хэлтэс улирал бүр удирдлагуудад зохих ёсоор нь тайлангаа тавьдаг.
Намайг халсан шалтгаан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тиймээс зохих ёсны байгууллагад нь хандана. Товчхондоо шаардлага тавьсан гээд ажлаас халлаа.
Өнгөрсөн оны гуравдугаар сард Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн цалин дээр сар бүр 40% буюу ₮640,000 нэмэгдэж орно гэсэн заалттай байсан. Энэ гэрээнд гарын үсэг зуруулчхаад дараа нь гараараа зассан байгаа юм. Ингээд миний цалингийн нэмэгдэл 30% буюу ₮510,000 орж байсныг саяхан мэдсэн.
Цалин графикийн дагуу орохгүй болохоор хяналт тавихад хэцүү. Халагдсаныхаа дараа санхүүгийн хэлтсээс цалингийн задаргаа, хөдөлмөрийн гэрээтэйгээ танилцахад л цалингаа дутуу авч байсныг ойлгосон.
Бид холбооны удирдлагуудад зарчмын л шаардлага тавьсан. Хувь хүний үүднээс хандаагүй. Гэтэл бидний тавьсан шаардлагыг хувь хүний хоорондын асуудал мэтээр аашилж байна.
Манай холбоо Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилготой Нийтэд Үйлчлэх Төрийн Бус Байгууллага. Энэ дагуу төсөл бичээд гаднын байгууллагаас санхүүжилт аваад үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл холбооны удирдлагууд компанийн зарчмаар яваад бүх юмаа нууцлах гээд байдаг.
- Өнгөрсөн арванхоёрдугаар сард холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж санхүүгийн тайлангаа танилцуулахдаа танай хэлтсийн цалинг олон нийтэд зарласан. Ингэж зарлахдаа та нартай ярилцсан уу?
- Үгүй. 2024 онд Хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэхдээ бүх ажилтнуудтайгаа нууцлалын гэрээ байгуулсан. Тэгсэн мөртлөө өөрөө хууль зөрчиж, зарим ажилтнуудын цалинг улс орон даяар нийтэд үзүүлсэн байдаг.
Гэхдээ тэр танилцуулга нь бодит биш. Зарим хүний цалин бодит дүнгээс өндөр, заримынх нь цалин 2023 оны дүнгээр байх жишээтэй.
Энэ мэт асуудал дээр бид шүүмжлэлтэй хандсан. Гэтэл ийм хариу барьж байна. Би бол өөрийнхөө албан тушаалыг хэтрүүлж байна гэж үзэж байгаа.
Хэрвээ ил тод баймаар байгаа бол бүгдийнх нь цалинг харуулах хэрэгтэй. Холбооны удирдлагууд хэдэн төгрөгийн цалин авдаг юм. Бүгдийг нь шударгаар харуулах ёстой.
- Сүүлийн асуултыг танд үлдээе.
- Холбооны санхүү ил тод бус, ийм байдлаар цаашид явбал бид нар хайран цаг хугацаагаа л алдана. Манай холбоо Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоонд гишүүнээр элсээд 27 жил болж байна. Тэр үед төрсөн тамирчдын ид үе нь одоо дуусах дөхлөө.
Анх гишүүнээр элсээд манай улс дэлхийн чансааны 198-д жагсаж байлаа. Одоог хүртэл энэ чансаа өөрчлөгдөөгүй. 2011 онд манай шигшээ багийн чансаа 163-д бичигдсэн нь хамгийн өндөр амжилт. Түүнээс амжилт нь ахисангүй.
Энд л их харамсаж байна. Хэрвээ төсөл, хөтөлбөрөөс орж ирдэг мөнгийг зориулалтын дагуу зөв зарцуулдаг бол дагаад хөлбөмбөг манайд хөгжих бүрэн боломжтой.
Холбооны төсөвт ороогүй, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос зарлаад манай хэлтсээс төслийг нь бичээд мөнгө нь орж ирсэн "Авьяастныг Хөгжүүлэх Схем" гэх төслөөр 2023-2024 оны хооронд нийт $250,000 орж ирсэн. Гэвч тэр мөнгөөр хийх байсан ажлууд одоог хүртэл хийгдээгүй.
Энэ бол бидний л мэдэж байгаа ганц жишээ. Энэ төслийн мөнгө хаашаа алга болсон бэ гэдгийг л тодруулах зорилгоор холбооны удирдлагуудад хандсан. Түүнээс цалин мөнгө, албан тушаалын санаархал энд огт байхгүй.
МХБХ-ны тэргүүн М.Болд нь Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх. Тиймээс манай хэлтсээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж захидал бичсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1-д зааснаар "Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн" гэж заасан.
Холбооны удирдлагуудын зүй бус, ёс зүйгүй үйлдлийг шүүмжилж буй олон нийт, албан ажилчид, дасгалжуулагч, тамирчдын зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй, арга хэмжээ авахгүй байгаа нь энэ спортын эв нэгдэл, хөгжилд маш хор нөлөөтэй. Цаашилбал FIFA, AFC-гээс Монголын шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцуулахгүй, хасах хүртэл хор уршиг дагуулж болзошгүй.
Тиймээс Ерөнхийлөгчид хандаж, нээлттэй захидал бичсэн юм.