Өчигдөр Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХХ)-ны удирдлагууд Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тодруулбал тус холбооны Техникийн хэлтсээс үйл ажиллагаа, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын дагуу МХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж хурал зарласан юм.
Уг хэвлэлийн хурлын үеэр шигшээ багийн тоглогч асан Ц.Мөнх-Эрдэнэ эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр "Та нарын танилцуулсан тоо баримт чинь бүгд худлаа байна. Хэрвээ бүгд үнэн юм бол яагаад тэмцээний шагнал, клубүүдийн лицензийн мөнгийг өгдөггүй юм. Татварын өртэй, ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлж чадалгүй хохироож байгааг бүгд мэдэж байгаа" гэж ярьсан юм.
Бид энэ талаар түүнээс тодрууллаа.
- Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
- Намайг Цагаанцоожийн Мөнх-Эрдэнэ гэдэг. Эрдэнэт хотод төрсөн. Багаасаа хөлбөмбөгөөр хичээллээд 20 гаруй жил энэ спортод харьяалагдаж байна. Монголын Дээд лигт 15 жил тоглосон. Энэ хугацаанд "Хангарьд", "ФС Улаанбаатар", "Төв Азарганууд", "Хоромхон" багт зүтгэж байлаа.
Өнгөрсөн жил Киргизстан Улсын Нэгдүгээр лигт тоглож байгаад Монголдоо ирээд нэг сар гаруй болж байна.
- Өмнө нь холбооны талаар цахим хуудсандаа бичсэнээс болоод ажлаасаа халагдсан гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж болох уу?
- Би 2022 онд Монголд болох Зүүн Азийн Залуучуудын Наадам зохион байгуулах хороонд спортын менежерээр ажиллаж байсан. Тухайн үед Эрдэнэт хотын "Хангарьд" клуб маань ивээн тэтгэгчгүй болоод татан буугдах асуудал яригдаж байсан юм. Үүнд нь эгдүүцээд "Ах нар аа, хөлбөмбөгөө хамтдаа хөгжүүлье. Орон нутгийн ганц төлөөлөл лигт оролцож чадахгүй бол Улаанбаатар хотын аварга гэж тэмцээн зохион байгуулах хэрэгтэй. Клубүүд, тамирчдадаа анхаараач ээ" гэсэн агуулгаар цахим хуудсандаа бичсэн юм.
Үүнээс болоод тухайн үед МХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Д.Тэрбаатар манай удирдлагууд руу утсаар холбогдоод дарамт шахалт үзүүлсэн. Удирдлагууд маань байгууллагын нэр төрд халдлаа, бичсэнээ устга, эсвэл ажлаасаа гар гэж тулгасан.
Уг нь тэр постод байгууллагын нэр төрд халдсан нэг ч утга агуулагдаагүй. Бүр холбооны нэрийг ч дурдаагүй. Бичсэн зүйл маань хүмүүст хүрсний төлөө хавчиж гадуурхдаг ганц жишээ нь ийм. Тэр ч бүү хэл тамирчид холбооныхоо талаар элдэв зүйл бичих нь дүрэмдээ хориотой байлаа.
Ингэж тамирчдынхаа эрх ашгийг зөрчиж байна.
- МХХ-ны Их Хурал 2022 онд болсон. Энэ хурлаар холбооны удирдлагууд шинэчлэгдсэн ч нөхцөл байдал нь сайжраагүй талаар олон хүн ярьж байна. Энэ хурал дээр үгээ хэлж байсан хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
- МХХ-ны Нэгдүгээр лиг, Дээд лигийн статустай клуб болохын тулд лиценз авах ёстой. Холбоо клубүүдэд таалагдахын тулд лиценздээ тэнцвэл ₮40 саяыг өгнө гэдэг амлалт өгсөн. Манай клубүүд санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг тул лицензийн мөнгө орж ирвэл зарим тамирчдынхаа цалин, урсгал зардалдаа зарцуулна гэсэн төлөвлөгөөтэй байдаг.
Мөн тэмцээн уралдааны шагналын мөнгийг өгөхгүй хэдэн сараар хохироодог.
Энэ бол шийдвэр гаргаж буй эрх бүхий хүмүүсийн л буруутай үйлдэл. Үүнээс болоод Монголын хөлбөмбөгт хамааралтай бүх хүний эрх ашиг хөндөгдөж байна.
- МХХ-г "саарал жагсаалтад" орсон учраас шагналын мөнгөө өгч чадахгүйд хүрсэн гэх сураг дуулдсан. Ийм байх боломжтой юу?
- 2022 онд МХХ-ны Их Хурал болоход бид бас үгээ хэлж байсан. Тухайн үед Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Дээд лиг нь ₮1 тэрбумын шагналын сантай болсон байлаа. Гаднаас санхүүжилт авдаггүй мөртлөө энэ холбооны үйл ажиллагаа хурдацтай хөгжиж байна.
Тиймээс уг холбооны үйл ажиллагаатай өөрсдийгөө харьцуулсан байх.
Тухайн үед манай холбооны генсик байсан Д.Тэрбаатар нь ам.долларын ханшийн зөрүүгээс ₮1 тэрбум төгрөг босгоод шагналын сангаа бүрдүүлнэ гэдэг санал оруулж ирээд баталсан.
Уг нь шагналын мөнгийг маркетингийн зардлаараа олгох ёстой. Гэтэл төслийн мөнгөнөөс шагналаа болгочхоод бусад асуудлаа юугаараа санхүүжүүлэх вэ.
Ямар ч байгууллага жилийн эцсийн тайлан тооцоогоо гаргасан байдаг. Харин МХХ-ны удирдлагууд FIFA, AFC-г төсөвлөсөн мөнгөө цаг тухайд нь өгдөггүй гэсэн буруу ойлголт түмэнд өгч байна.
Өгчихсөн байх ёстой зүйлийг холбооны удирдлагууд санхүүгийн сахилга батгүй, буруугаар захиран зарцуулсан учраас Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос шалгаад алдаа дутагдал илрүүлсэн байгаа юм.
Үнэхээр одоогийн удирдлагын танилцуулснаар холбоо 100 хувь ажлаа гүйцэтгэж байгаа бол яагаад ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, нийгмийн даатгалд өртэй яваад байдаг билээ.
Нийгмийн даатгалд өртэй байна гэдэг нь холбооны ажилчдын эрх ашгийг хөндөж байгаа асуудал. Энэ хүмүүст цалинг нь бүрэн олгоно гэж ярьж байна. Гэхдээ банкнаас зээл авах боломжгүй, гадагшаа явах эрхгүй болно гэсэн үг.
Үүнийгээ байгууллагын дотоод асуудал гэдэг. Гэхдээ сайн менежер хүн бол ажилчдаа хохироох ёсгүй.
Хэвлэлийн хурал дээрээ ₮10.6 тэрбумын орлого төвлөрүүлэх ёстой боловч ₮8.4 тэрбумыг олсон. Тэгэнгүүтээ нийт зарлага нь ₮11.7 тэрбум гэж мэдэгдэж байна. Би өөрөө санхүүч мэргэжилтэй хүн. Энэ талын жаахан ч гэсэн мэдлэгтэй хүн тэр тайланг хараад л шууд мэднэ.
Дээд лиг, Нэгдүгээр лиг, Ахмадын болон бусад насны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ)-ий шагналын сан дутуу гэдгийг авах ёстой хүмүүс нь бүгд ярьдаг.
МХХ шиг өөрийн гэсэн гадаа талбай, заал, оффис, ажиллах хүчтэй холбоо Монголд байхгүй. Гэтэл төрөөс дэмжлэг авдаггүй онцлогтой гээд хүмүүст буруу ойлголт төрүүлдэг.
Холбооны тайланд дурдсанаар маркетингийн зардлаараа ₮2 тэрбумыг төсөвлөсөн боловч ₮1.6 тэрбумыг оллоо гэж ярьж байна. Хаанаас ямар байгууллагаас тийм орлого олсон юм бэ, үүнийгээ дэлгэрэнгүй үзүүлэх ёстой.
- МХХ-ны өмнөх удирдлагууд ажлаа өгөхдөө ₮2 тэрбумын алдагдалтай байсан гэж яригддаг. Энэ талаар таны бодлыг сонсъё.
- Одоогийн удирдлагууд нь үүнийгээ өмнөх дарга нарын алдаа гэж ярьдаг. Байгууллага юм бол тэр хүмүүсээ шалгуулах ёстой. Харамсалтай нь эд нар бүгд нэг хөнжилд орсон учраас шалгаж чадахгүй. Одоогийн Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн А.Ганбаатар 2015 онд холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон.
Энэ хүнийг тэргүүлж байхад холбооны бүх ажиллагаа сэргэх төлөвтэй байсан. Шигшээ багийн амжилт нэг үеэ бодвол тогтвортой болж, холбооны үйл ажиллагаа ч нүдний өмнө гялалзаж байлаа.
Гэтэл авлигын хэргээр FIFA-гаас хөөгдсөн Б.Ганболдын үед Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Тэрбаатарыг эгүүлэн томилсон цагаас хойш холбооны үйл ажиллагаа доголдож эхэлсэн.
- Холбооны дүрэмд саяхныг болтол цахимаар үйл ажиллагааг нь муулсан бол шийтгэдэг байсан талаар ярилаа. Ер нь дарамт шахалт хэр ирдэг вэ?
- Хүн ад үзэгдэх зоригтой байж хүн гэдэг утга учраа авч явна уу гэхээс дутагдлын хажуугаар дуугүй явах нь буруу гэж боддог. Би сүүлийн хоёр жил холбооны сайн муугийн талаар зөндөө ярилаа. Сүүлдээ хөлбөмбөгөө муухай харагдуулж байна гээд Киргиз рүү долоон сар тоглохоор явлаа.
Зүгээр үзэл бодлоо илэрхийлсний төлөө гэр бүлийг нь хүртэл айлгаж сүрдүүлсэн байгаа юм.
Нийтлэгдсэн ярилцлага нь нэг өдрийн дараа устгагдсан байдаг.
Над руу бас янз бүрээр дайрах л байх. Гэхдээ надад айх зүйл алга.
Энэ спортод хайртай, насаараа үүнд зүтгэж яваа хүний хувьд өмнөх үеийнхээ ах нарт гомддог. Тэд дуугарах ёстой. Харамсалтай нь манай хөлбөмбөгчид өөрсдийнхөө талаар дуугарахдаа дэндүү хойрго улс. Бид дуугарч байж дараагийн үеийнхэндээ үлдээх зүйлтэй үлдэнэ.
Хөлбөмбөг бол улс төрөөс ангид байх ёстой зүйл. Улс төртэй хамаарал бүхий хүмүүсийг бүгдийг нь явуулж байж хөгжил ирнэ.