Уншиж байна ...
Зураг
Зураг

Украинаас авч чадах бүгдийг авах хүсэлтэй байгаагаа Трамп илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
3 цаг 9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Вашингтон хотын ойролцоо үргэлжилж буй CPAC (Conservative Political Action Conference) улс төрийн чуулганд Бямба гарагт оролцож үг хэлэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үзүүлсэн тусламжийнхаа төлбөрт Украинаас авч болох бүгдийг авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Одоо Трампын засаг захиргааны төлөөлөгчид АНУ-ын өмнөх засаг захиргааны үед Украинд үзүүлсэн тусламжийг газрын ховор элемент зэрэг ашигт малтмалын нөөцөөр буцаан төлүүлэх яриа хэлэлцээ эхлүүлээд байгаа юм.

“Би мөнгөө буцааж авах, эсвэл буцааж авах баталгаатай болохыг хичээж байна. Бидний өгсөн бүх мөнгөний төлөө тэд бидэнд ямар нэг зүйл өгөөсэй гэж би хүсэж байна. Бид газрын ховор элемент, газрын тос гээд авч болох бүхнээ авмаар байна. Ингэхгүй бол шударга бус болно. Тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа гэж би бодож байна. Нөхцөл байдал аймшигтай байгаа тул хурдхан тохиролцсон нь дээр” гэж Трамп энэ үеэр хэлжээ.

Гэхдээ АНУ-ын тавьсан гэрээний саналыг Украины тал одоогоор хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ням гарагт Киев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр Украины засгийн газрын шадар сайд Юлия Свириденко $350 тэрбумын үнэ бүхий ашигт малтмалын нөөц Оросын цэрэгт эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгааг мэдээлжээ.

“Харамсалтай нь бидэнд байгаа мэдээллээр $350 тэрбумын үнэлгээтэй чухал ашигт малтмалын нөөц манай түр эзлэгдсэн нутаг дэвсгэрт байна” гэж тэр хэлсэн юм.

Киевийн эрх баригчид бас АНУ-ын үзүүлсэн бодит тусламжийн хэмжээ санал болгож буй $500 тэрбумаас хамаагүй бага байсан гэж үзэж байгаа.

“Гэрээний нөхцөлд ямар ч баталгаа, хөрөнгө оруулалтын үүргийг АНУ хүлээхээргүй, маш бүрхэг байгаа. Тэд биднээс зүгээр л $500 тэрбумыг авахыг хүсэж байна” гэж Украины албаны эх сурвалж мэдээлсэн байна.

“Үүнийг ямар хамтын ажиллагаа гэх вэ? Бид яагаад $500 тэрбумыг өгөх ёстой вэ? Энэ талаар ямар ч хариулт алга” гэж дээрх эх сурвалж хэлээд Украины тал гэрээнд оруулах өөрчлөлтийн саналаа Вашингтонд тавьсныг баталжээ.

Албаны тоо баримтаас үзвэл АНУ-ын өмнөх засаг захиргаа Украинд $65.9 тэрбумын зэр зэвсгээр тусалсан байна.

Энэ нь бусад холбоотнуудынхаас хамгийн их хэмжээ юм.

Германы эдийн засгийн судалгааны Киел Хүрээлэнгийн тооцоолсноор 2022 оноос 2024 оны эцэс хүртэл хугацаанд АНУ нийтдээ $119.8 тэрбумын зэр зэвсэг, санхүү, хүмүүнлэгийн тусламжийг Украинд үзүүлжээ.

Хэдийгээр Трампын бодлого ийм байгаа ч Европын бусад холбоотнуудын хувьд Украинд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлэхийг амласаар байна.

Тухайлбал Бямба гарагт ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярихдаа Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер “тусламжаа тууштай үргэлжлүүлэх”-ийг амласан юм.

Энэ өдөр Лондон хотод Украиныг дэмжигч олон мянган хүн оролцсон жагсаал зохион байгуулагдсан бол Их Британийн олон нийтийн дийлэнх хэсэг Киевийг тууштай дэмжиж байгааг сүүлийн санал асуулгын үр дүн харуулжээ.

 

Эх сурвалж: AFP