Өнөөдөр буюу Даваа гарагт Украины дайн эхэлсний гурван жилийн ой тохиож байна. 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын зэвсэгт хүчин Украины нутаг дэвсгэрт халдан довтолж эхэлсэн юм.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү ойг угтуулан Ням гарагт Киев хотод хэвлэлийн хурал зохион байгуулжээ.
Энэ үеэр тэр АНУ-ын өмнөх засаг захиргааны Украинд үзүүлсэн тусламжийг $500 тэрбумын дүнтэй ашигт малтмалын гэрээгээр төлж барагдуулахын эсрэг байгаагаа илэрхийлсэн байна.
Зеленский АНУ-ын үзүүлсэн тусламжийн бодит хэмжээ үнэндээ $500 тэрбумаас хамаагүй бага буюу $100 тэрбум байсан, үүнийг Конгрессын хоёр гол нам болон ерөнхийлөгч Жо Байден тухайн үед “зээл” биш, “буцалтгүй тусламж” болгон Украинд үзүүлэхээр шийдвэрлэсэн тул буцааж төлөх ёсгүй гэж тайлбарлажээ.
“Би Украинчуудыг 10 үеэр нь өрөнд оруулах зүйлд гарын үсэг зурахгүй” гэж тэр хэлсэн байна.
АНУ-тай байгуулах ямар ч гэрээ цаашдаа гал зогсоох тохиролцоог Орос улс зөрчихөөс сэргийлэх аюулгүй байдлын баталгаа болох ёстой ч одоогоор ийм нөхцлийг хангагдахгүй байгааг Зеленский хэлжээ.
Тэр бас АНУ-ын одоогийн засаг захиргааны Украинд тулган шаардаж буй санхүүгийн нөхцөлийг энэ үеэр ил болгосон байна.
Тухайлбал Трампын засаг захиргаа Украинд үзүүлэх цаашдын тусламжийн нэг доллар тутамд 2 доллар буцааж төлөх буюу 100 хувийн хүү тулгаж байгаа гэнэ.
Энэ нь Израиль, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Саудын Араб зэрэг аль ч холбоотондоо тулгаж байгаагүй нөхцөл тул Украинд яагаад ингэж өөрөөр хандах болсон талаар тайлбар хүссэн ч Вашингтон хариу өгөхгүй байгааг Зеленский мэдээлжээ.
Хэдий тийм боловч Зеленский стратегийн түнш АНУ-тай найрсаг харилцаагаа хадгалах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна.
Мөн дайны нөхцөлд сонгууль явуулах боломжгүй байгаа өөрийг нь “дарангуйлагч” гэж нэрлэсэн Трампын мэдэгдлийн талаар Зеленский тайлбар өгчээ.
“Би үүнд яагаад гомдох ёстой гэж? Дарангуйлагч хүн л дарангуйлагч гэж хэлүүлэх дургүй байдаг биз дээ” гэж хэлсэн Зеленский өөрийгөө 2019 оны сонгуулиар 73 хувийн саналаар сонгогдсоныг сануулсан байна.
Хэрвээ түүний ерөнхийлөгчийн албан тушаал Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх, Украиныг НАТО-д элсүүлэхэд саад болж байгаа бол огцрохоос татгалзахгүйгээ Зеленский илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл тэр Украины аюулгүй байдлын баталгаагаар албан тушаалаа солилцоход бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.
“Би засгийн эрхэнд хэдэн арван жил үлдэх бодолгүй байна. Гэхдээ бид Украины нутаг дэвсгэрт Путиний засаглал тогтохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэр хэлжээ.
Бямбаас Ням гарагт шилжих шөнө Оросын талаас Украины нутагт 267 нисгэгчгүй онгоцоор довтолсноос хойш хэдхэн цагийн дараа Зеленскийн хэвлэлийн хурал зохион байгуулагдсан юм.
Уг цохилт нь дайн эхэлсэн цагаас хойших Оросын хамгийн том агаарын довтолгоо болсон бөгөөд дайны гурван жилийн ойг угтуулан Москвагийн эрх баригчдын авсан арга хэмжээ байв.
Энэ шөнө Оросын тал нисгэгчгүй онгоцнуудаас гадна гурван ширхэг баллистик пуужинг харважээ.
Ийм хэмжээний халдлага довтолгоо үргэлжилж буй нөхцөлд Украинд сонгууль явуулах ямар ч боломжгүйг Зеленский онцолсон байна.
“Сумыд бид хэрхэн санал хураалт явуулах вэ? Покровск руу сонгуулийн ажиглагчдаа илгээх хэрэг үү” гэж тэр хэлэхдээ байнга бөмбөгдүүлж буй фронтын шугамын хоёр хотын нэрийг дурдсан юм.
Украинд сонгууль явуулахыг шаардаж, өөрийг нь “хууль бус ерөнхийлөгч” гэж нэрлэх нь Оросын суртал нэвтрүүлгийн нэг хэсэг болохыг Зеленский тайлбарлажээ.
Ням гарагт CBS News сувгаар ярихдаа Трампын тусгай элч Стив Виткоф энхийн гэрээ байгуулахын цаад зорилго нь Америкийн компаниудыг Оросын зах зээлд буцааж оруулах сонирхол болохыг битүү утгаар илэрхийлсэн байна.
“Хэрвээ энхийн гэрээ байгуулагдвал Америкийн компаниуд тэнд бизнес эрхлэх боломжтой болно гэсэн хүлээлт бол мэдээж байгаа. Ингэх нь эерэг, сайн зүйл болно гэдэгт бүгд итгэлтэй байгаа гэж би бодож байна” гэж тэр хэлжээ.
Эндээс харвал насаараа бизнесмэн байсан Трампын засаг захиргаа мөнгө санхүүгийн ашгийн төлөө хэнтэй ч нөхөрлөхөд бэлэн байгаа бололтой.
Зеленский өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр Трампын засаг захиргаа зэр зэвсэг нийлүүлэхээ зогсоовол Украины арми олон улсын тусламж дэмжлэгийнхээ 20 хувийг алдахыг мэдэгдсэн байна.
Гэхдээ тэр өнгөрсөн оны зун Вашингтонд болсон НАТО-гийн дээд хэмжээний чуулганы үеэр амласан тусламжийг ирнэ гэдэгт найдсан хэвээр байгаагаа бас хэлжээ.
Зеленский энэ долоо хоногт Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын Вашингтонд хийх айлчлалууд Украины аюулгүй байдлыг баталгаажуулахад тус болно гэдэгт найдаж, тэдний хичээл зүтгэлд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!