Уншиж байна ...
Зураг
Зураг

Трамп хэлсэн үгнээсээ буцаж, Украины дайныг Орос улс эхлүүлснийг хүлээн зөвшөөрлөө

Т.Давааням, ikon.mn
3 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гурван жилийн турш үргэлжилж буй Украины дайныг Орос улс эхлүүлснийг хүлээн зөвшөөрсөн нь хэдхэн өдрийн өмнө илэрхийлсэн байр сууринаасаа ухарсан хэрэг байлаа.

Тэрбээр Мягмар гарагт хэлэхдээ Украин улс “энэ дайныг хэзээ ч эхлүүлэх ёсгүй байсан юм” гэж хэлээд дотооддоо болон олон улсад хүчтэй шүүмжлүүлж байв.

Харин Баасан гарагт Fox News Radio сувгаар ярихдаа Трамп дайныг Орос улс ерөнхийлөгч Путиний тушаалаар эхлүүлснийг хүлээжээ.

“Орос улс эхэлж довтолсон. Гэхдээ тэд үүнийг эхлүүлэхгүй байж болох байсан” гэж Трамп хэлсэн нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нарыг дайнаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадаагүй гэж буруутгасан утгатай байлаа.

Дараа нь Трамп ашигт малтмалын нөөцийг ашиглах гэрээг Украины талтай удахгүй байгуулах тухай ярьжээ.

“Бид ойрын хугацаанд гэрээг байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж тэр хэлсэн юм.

Үүнтэй зэрэгцэн Украины ерөнхийлөгч Зеленский хоёр тал гэрээний төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд “шударга нөхцөлтэй гэрээ байгуулагдана” гэдэгт найдаж байгаагаа Баасан гарагт хийсэн видео мэдэгдэлдээ хэлжээ.

Энэ долоо хоногийн турш Трамп, Зеленский нарын хоорондоо хатуу ширүүн үгс шидэлцсэн юм.

Лхагва гарагт Трамп хэлэхдээ Зеленскийг “дарангуйлагч” хэмээн цоллож, Оростой энхийн гэрээг яаралтай байгуулахгүй бол улс орноо алдаж болзошгүйг анхааруулж байв.

Хариуд нь Зеленский түүнийг Оросын “худал хуурамч мэдээлэлд” тархиа угаалгасан байгааг нь шүүмжилж байлаа.

Гэхдээ сүүлд тэр үгээ зөөлрүүлж, Америкийн прагматизмд найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Дараа нь Зеленский $500 тэрбумын дүнтэй ашигт малтмалын гэрээ Украины аюулгүй байдлын баталгаа болж чадахгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж байв.

Украин улсад АНУ-ын хүсэж буй уран, лити, кобальт, газрын ховор элемент зэрэг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалуудын нөөц бий.

Баасан гарагийн өглөө Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп дайныг зогсоохын тулд Путин, Зеленский нар хамтрах ёстойг хэлжээ.

“Би Путинтэй маш сайн ярилцаж ойлголцсон. Харин Украинтай тийм ч сайн ярилцаж чадаагүй байна. Тэдний гарт “хөзөр” байхгүй ч маш хатуу байр суурьтай байгаа. Ерөнхийлөгч Путин, ерөнхийлөгч Зеленский нар хамтрах ёстой. Учир нь тэд олон сая хүний амийг хөнөөхөө зогсоох хэрэгтэй байна” гэж тэр хэлсэн юм.

Энэ хооронд Европын удирдагчид АНУ-Украины харилцааг зохицуулахыг хичээж байна.

Баасан гарагт Германы канцлер Олаф Шольц, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар утсаар ярилцахдаа энхийн гэрээ байгуулах үйл явцад “Киев оролцох ёстой” гэдэгтэй санал нэгдсэнийг Берлинээс мэдээлжээ.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер нар ирэх долоо хоногт ар араасаа Вашингтонд айлчлахаар болсон.

Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда бас Зеленскийтэй утсаар ярихдаа түүнийг асуудалд тайван хандаж, Трамптай бүтээлчээр хамтран ажиллахыг уриалсан байна.

Польшийн ерөнхийлөгч бас ойрын үед Вашингтонд айлчилж, Трамптай уулзах гэж буйг тус улсын эх сурвалж мэдээлжээ.

Энэ онд бүрэн эрхийн хугацаа нь дуусах Дуда өмнөх засаг захиргааных нь үед ерөнхийлөгч Трамптай тун найрсаг хувийн харилцаатай байсан юм.

 

Эх сурвалж: Reuters