Уншиж байна ...
Зураг
Зураг

Америкийн түүхэнд байгаагүй их татвар төлсөн тэрбумтан мөнгийг нь ухаалаг зарцуулахыг засгийн газартаа анхааруулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Тэрбумтан Уоррен Баффет өчигдөр буюу Бямба гарагт өөрийн Berkshire Hathaway компанийн хөрөнгө оруулагчдад жил тутам бичдэг захидлаа илгээжээ.

Одоо 94 настай домогт хөрөнгө оруулагч компанийнхаа удирдлагыг гартаа авсан 1965 онд тэг орлогын албан татвар төлж байсан юм.

Гэтэл 2024 онд Berkshire $26.8 тэрбумын татвар төлсөн нь АНУ-ын түүхэнд ямар ч компанийн төлж байгаагүй өндөр татвар болжээ.

Мөн өнгөрсөн онд Америкийн компаниудын төлсөн нийт орлогын албан татварын 5 орчим хувийг тус компани дангаараа бүрдүүлсэн юм байна.

1965 оноос хойш нийтдээ $101 гаруй тэрбумыг Berkshire Hathaway АНУ-ын засаг захиргаанд татвар хэлбэрээр төлснийг Баффет захидалдаа бичжээ.

“Үүнийг ухаалаг зарцуулаарай. Өөрийнхөө буруугаас биш ч ядуу тарчиг амьдарч байгаа хүмүүст зарцуулаарай. Тэд илүү сайн сайхныг хүртэх эрхтэй. Мөн мөнгөний ханшийг тогтвортой байлгахад анхаарч ажиллаарай. Үүнд та бүхний мэргэн ухаан, сонор сэрэмж шаардлагатайг хэзээ ч бүү март. Төсвийн тэнэглэл хэтэрвэл мөнгө үнэ цэнээ алддаг. Зарим улс оронд ийм бодлогогүй үйлдэл хэвшил болж, АНУ-ын хувьд бас үүний ирмэгт ойрхон байна. Тогтмол купонтой бонд үүнээс хамгаалж чадахгүй шүү” гэж Баффет холбооны засгийн газартаа анхааруулан бичсэн байна.

Өнгөрсөн оны турш орлогоо өсгөж, эзэмшиж байсан хувьцаагаа зарж, шинэ хөрөнгө оруулалтаа багасгасан зэрэг нь Berkshire компанийн бэлэн мөнгөний хэмжээг түүхэн дээд хэмжээнд хүргэжээ.

Тухайлбал 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тус компанийн дансан дахь мөнгөний хэмжээ $334 тэрбум хүрсэн байна.

2023 оны төгсгөлд энэ хэмжээ бараг хоёр дахин бага буюу $168 тэрбум байсан юм.

Баффет захидалдаа өөрийг нь залгамжлахаар бэлтгэгдэж буй Грэг Абелийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд “ур чадвараа хурц тод харуулсан” гэж магтжээ.

 

Эх сурвалж: Business Insider