Уншиж байна ...
Зураг
Зураг

Уушгины хатгалгаа туссан Папын эрүүл мэнд эрс муудсаныг Ватиканы албаныхан мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Католик сүм хийдийн тэргүүн пап Францискийн бие муудсаны улмаас хоёрдугаар сарын 14-ний өдөр Ром хотын Жемелли эмнэлэгт хэвтсэн юм.

Сүүлд Ватиканы албаныхан түүнд уушгины хатгалгаа туссаныг мэдээлж байв.

Харин өчигдөр буюу Бямба гарагт папын биеийн байдал сүүлийн 24 цагийн дотор эрс муудаж, нэмэлт хүчилтөрөгчөөр хангаж, цус сэлбэх эмчилгээ хийснийг мэдээлжээ.

88 настай папын “биеийн байдал хүнд хэвээр, аюул холдоогүй” байгааг Ватиканаас мэдэгдсэн байна.

Баасан гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр папыг эмчилж буй хоёр эмч өндөр насны доройтол өвчнийг нь улам эмзэг болгож буйг хэлжээ.

Тухайлбал Жемелли эмнэлгийн ахлах эмч Сержио Алфиери уушгины халдвар цусанд тархвал сепсис болох бөгөөд энэ тохиолдолд даван туулахад маш хэцүү болохыг анхааруулсан юм.

2013 оноос хойш Ромын католик сүм хийдийн тэргүүнээр ажиллаж буй Францискийн эрүүл мэнд сүүлийн хоёр жил нэлээд доройтсон.

Тэрбээр залуудаа гялтангийн үрэвслийн улмаас уушгиа тайруулж байсан тул амьсгалын замын өвчлөлд өртөмхий болжээ.

Сүүлийн үед папыг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж буй тул огцрох магадлалтай гэсэн яриа Ватиканд гараад байна.

Тэрбээр хоёр Ням гараг дараалан нийтийн мөргөлийг удирдалгүй өнжиж байгаа юм.

Гэхдээ папын орлогч гэгддэг Ватиканы төрийн нарийн бичгийн дарга, кардинал Петро Паролин ийм яриаг няцаажээ.

“Одоо бид Ариун эцгийн эрүүл мэнд, эдгэрэх, Ватиканд буцаж ирэх тухай бодож байна. Зөвхөн эдгээр нь хамгийн чухал зүйл болоод байна” гэж тэр өчигдөр Италийн хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: Reuters