Уншиж байна ...
Зураг
Зураг

Ирээдүйн амьдралыг турших зорилгоор байгуулж буй Тоёотагийн хотхоны эхний хэсэг ашиглалтад оржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том авто үйлдвэрлэгч Японы Тоёота компани Фүжи уулын бэлд “Woven City” нэртэй туршилтын хотхоныг байгуулж байгаа юм.

Уг хотхонд робот, хиймэл оюунаар тоноглогдсон ирээдүйн тээврийн хэрэгслийг өдөр тутмын амьдралд турших зорилготой.

Нийт $10 тэрбумын хөрөнгө оруулалттай хотхон 294,000 хавтгай дөрвөлжин метр талбай эзлэх бөгөөд эхний 47,000 м.кв талбайг саяхан ашиглалтад оруулснаа Тоёота компанийг үүсгэн байгуулагчийн удам, уг төслийг хариуцаж буй Дайсүке Тоёода өчигдөр сэтгүүлчдэд танилцуулсан байна.

“Энэ бол смарт хот биш. Бид үл хөдлөх хөрөнгийн компани биш. Тээврийн хэрэгсэл турших зорилготой байгууламж тул жинхэнэ хотоос арай өөр” гэж Тоёода тайлбарлажээ.

зураг
 

“Woven City” хотхоны бүтээн байгуулалт 2021 онд эхэлсэн юм.

Хотхоны бүх барилгууд газар доогуур явган замаар холбоотой бөгөөд жолоочгүй автомашинууд ачаа бараа хүргэж, хог ачдаг юм байна.

Одоогоор энэ хотод хэн ч амьдардаггүй ч удахгүй 100 орчим хүн оршин суух гэнэ.

Тэдгээрийг Тоёота компани болон түүний түнш болох бэлэн хоол үйлдвэрлэгч Nissin, агааржуулагч үйлдвэрлэлийн Daikin зэрэг компаниудын ажилтнуудаас бүрдүүлэх юм байна.

Хотын нэр “Woven City” (Нэхмэл хот) нь Тоёотаг анх нэхмэлийн машин үйлдвэрлэх зорилгоор байгуулж байсан түүхийг бэлгэджээ.

Тус компанийн үүсгэн байгуулагч Сакичи Тоёода гар аргаар хувцас нэхдэг ээжийнхээ ажлыг хөнгөвчлөх зорилгоор бизнесээ эхэлж байсан гэдэг.

Тоёотагийн туршилтын хотод цахилгаан хөдөлгүүрт автомашин зорчихгүй, зөвхөн устөрөгчийн эрчим хүчээр ажилладаг автомашинууд ашиглагдах юм байна.

Tesla болон Хятадын олон компаниуд цахилгаан хөдөлгүүрийг салбарынхаа ирээдүй гэж харж байгаа бол Тоёота устөрөгчийн батарейг эрчим хүчний гол эх үүсгүүрээрээ сонгоод байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press