Уншиж байна ...
Зураг
Зураг

Германы консерватив улс төрийн хүчнүүд сонгуульд ялсан нь тодорхой боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Германы дараагийн канцлер болох Фридрих Мерц

Ням гарагт Европын хамгийн том эдийн засагтай Герман улсад парламентын (Бундестаг) сонгуулийн санал хураалт болж өнгөрлөө.

Урьдчилсан дүнгээс харвал энэ сонгуульд баруун төвийн үзэл баримтлалтай Христийн Ардчилсан Нэгдэл намын тэргүүлсэн эвсэл 29 орчим хувийн саналаар ялж, Америкийн тэрбумтан Илон Маскийн дэмжиж байсан хэт барууны AfD (Alternative fur Deutschland) нам 19.5 хувийн саналаар удаалж, канцлер Олаф Шольцын тэргүүлдэг Социал Демократ нам авсан саналын тоогоор гуравдугаарт жагсжээ.

Германы сонгуулиудад ер нь нэг нам дангаараа олонх болдог тохиолдол маш ховор.

Тиймээс Фридрих Мерцийн тэргүүлсэн Христийн Ардчилсан Нэгдэл нам өөр нэгээс хоёр намтай эвсэж байж засгийн газар байгуулахаар болж байна.

Түүний эвсэх хамгийн өндөр магадлалтай намууд нь Социал Демократ болон Ногоон нам юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард канцлер Шольц сангийн сайд Кристиан Линднерийг огцруулснаар түүний гурван намын эвслийн засгийн газар задрахад хүрч байв.

Үүний дараа Бундестагийн ээлжит бус сонгуулийг зарласан юм.

Чөлөөт Ардчилсан Намын сангийн сайд Линднер өрийн таазыг цуцлах канцлер Шольцын шаардлагыг биелүүлэхээс татгалзсан нь эвсэл задрах шалтгаан болж байв.

Германы холбооны засгийн газрын жилд тавих өрийн дээд хязгаар дотоодын нийт бүтээгдэхүүний 0.35 хувиар хязгаарлагддаг юм.

Христийн Ардчилсан Нэгдэл нам цагаачлалыг хязгаарлах, хилийн хамгаалалтыг чангатгах зэрэг бодлого явуулахаа амласан нь сонгуульд ялах гол шалтгаан болсон байна.

Тус нам бас Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ амлаж байв.

АНУ-д Трампын засаг захиргаа Европын Холбооны эсрэг худалдааны дайн зарлаж, Украины дэмжлэгээ зогсоох болсон нь Европын аюулгүй байдалд нөлөөлж буй эгзэгтэй цаг үед Германд сонгууль болж өнгөрсөн юм.

Герман улс бол НАТО-гийн тэргүүлэгч гишүүдийн нэг бөгөөд Украинд үзүүлж буй тусламжийн чухал хэсгийг бүрдүүлэгч юм.

 

Эх сурвалж: Reuters