2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 09:30 цагийн байдлаар Улаанбаатар хотын Ургах наран хороолол, Бөхийн өргөө, Шархад, Нисэх, Баруун дөрвөн зам, Яармаг, Хайлааст, Таван буудал орчимд агаар бага бохирдолтой байсан бол Налайх, Шархад, Дамбадаржаа, ДЦС, Нэгдүгээр хороолол, МҮОНРТ бохирдолтой, Толгойтод их бохирдолтой байв.
Харин 10:30 цагийн байдлаар Толгойт, Налайхад агаар их бохирдолтой бол Цахилгаан станц орчим, Нэгдүгээр хороолол, Шархад орчимд маш их бохирдолтой болж, Цахилгаан станц, Шархад орчимд PM10 тоосонцрын хэмжээ 500-г давлаа.
Агаар бохирдуулагч PM10, PM2.5 тоосонцор нь агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог байна.
Агаар МАШ ИХ бохирдолтой үед зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) тоосонд мэдрэмтгий байдаг. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.
Иймд хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх, цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал авто зам)-ээс хол байх, амны хаалт зүүх шаардлагатай.
Агаар ИХ бохирдолтой үед удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ.
Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай, цэвэр агаарт гарах, амны хаалт зүүхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!