Уншиж байна ...

С.Одонтуяа: Утааны асуудалд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг хууль, эрх зүйн орчин тодорхойгүй байна

Н.Эрхбаяр, iKon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг хоёр дахь өдрөө Төрийн ордонд зохион байгуулж байна. 

Өнөөдрийн сонсголоор Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага”, “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэг болж, холбогдох шинжээчдийн дүгнэлтийг сонсож байгаа юм. 

Энэ үеэр утааны асуудалд хэн хариуцлага хүлээх болон нийт санхүүжүүлэлтийн талаар асуудал хөндөгдлөө. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: "Тавантолгой түлш" ХХК өнгөрсөн хугацаанд 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан. Шинжээчийн дүгнэлтэд 2008-2023 онд 1.7 их наяд төгрөгийг утааны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан гэж байна. Нэгдүгээр сарын 29-ний өдрийн хэлэлцүүлэгт Сангийн яам, "Тавантолгой түлш" ХХК утааны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан зардлаа танилцуулсан.

Миний тооцооллоор улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, төрийн өмчит компаниудын зарцуулсан мөнгөн хөрөнгийн нийлбэр нь 5.2 их наяд төгрөг болж байна. Сангийн яам тоонуудаа нэгтгээд өгөх боломжтой юу. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шууд болон шууд бус байдлаар зарцуулсан нийт хөрөнгийн хэмжээ хэд вэ? 

Агаар орчны бохирдолтой тэмцэх үндэсний хороог 2017 онд байгуулж байсан. 2023 оны арваннэгдүгээр сард энэ хороог татан буулгаад С.Одонтуяа сайдаар ахлуулж дахин сэргээсэн. Хагас сайн өдөр бүр шуурхай штаб хуралдаад байгаа. Нийслэл дээр агаарын бохирдолтой тэмцэх газар гэж бий. Энэ бүхний уялдаа хангагдаж байгаа юу. Хэн хариуцлага хүлээх вэ. Утаанаас салах асуудалд Ерөнхий сайд толгойгоороо хариуцлага хүлээх ёстой. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа: Утааны бүх сонсголд суулаа. Саналыг тэмдэглэж авлаа. Ажил үүргээ гүйцэтгэж буй яамд, төрийн байгууллага, түлшний үйлдвэрээс буруу хайгаад хэрэггүй. Энэ хүмүүс тухайн үед гарсан тушаал шийдвэрийг биелүүлсэн. Хамгийн гол нь төрийн бодлого шийдвэр тогтворгүй байна. 

Жишээлбэл Э.Бат-Үүл даргын үед гэр хорооллын барилгажуулалтыг эхлүүлээд явж байхад улс төрийн шалтгаанаар болиулсан. Сонгуулийн өмнө улс төрчид гарч ирээд газрыг дураараа олгочихдог. 

Манай үндэсний хороо төсөвгүй. Хэдхэн хүн төрийн үйлчилгээний ангиллаар цалинжиж, ажилладаг бөгөөд сайн дурын байгууллага шиг байгаа. Улсын төсвөөр агаарын бохирдлыг шийдэх боломжгүй. Бид асуудлыг шийдэхийн тулд аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, татварынхаа нэг хувийг хандивлахыг гуйж байна. 

Улсын хэмжээнд шийдэхийн тулд маш том шинэчлэлт хийх хэрэгтэй. Эрчим хүчний реформыг дуустал хийж, шөнийн тарифт холбогдсон айлуудад үнэ нэмэхгүйгээр хөнгөлөлттэй гэдгийг ойлгуулах нь чухал. Урт хугацаанд эрчим хүчний асуудлыг шийдэхэд дорвитой төсөв мөнгө тавих ёстой. Би Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын хувьд сүүлийн нэг сарын хугацаанд бүх асуудлыг судаллаа.

УИХ дорвитой шийдэл гаргахгүй бол болохгүй. Иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнуудаас буруу хайгаад хэрэггүй. 

Холбогдох хууль тогтоомжийг УИХ батлаад, хэрэгжүүлээгүй этгээдэд хариуцлага тооцдог заалтууд ороод, агаарын бохирдолтой тэмцэхэд шаардлагатай төсвийг батлаад өгвөл би хариуцлага хүлээхэд бэлэн. Одоо надад аль аль нь байхгүй. Хууль эрх зүйн орчин дутуу, хэн хуулийн хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхойгүй. 

Өрсөлдөөн, зах зээл гэдэг зүйлийг төр байхгүй болгосон. Анх маш олон түлшний үйлдвэр бий болж байх үед татаас өгөхгүй төрийн байгууллага авснаас болж хаагдсан. Өрх бүр эрчим хүч үйлдвэрлэдэг, аж ахуйн нэгжүүд эрчим хүчнийхээ илүүг зардаг чөлөөт зах зээлийг бий болгохгүй хумьчихаар явахгүй байна. 

ШИНЖЭЭЧ: "Тавантолгой түлш" ХХК-ийн тайланд 2024 оны тоон мэдээлэл нэгтгэгдсэн. Шинжээчид мэргэжлийн түвшинд, баталгаа нотолгоотой тоог нэгтгэж байгаа. Зөвхөн утаанд зарцуулсан шууд зардлыг тооцсон. Шууд бус гэвэл гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулсан мөнгийг нэмж болно. Төсвийн байгууллага дээр жишээ авахад яндангаас гарч буй хорт утааг бууруулах шүүр, уурын зуухыг буулгасан төлбөрийг нэмж болно.