Уншиж байна ...
Зураг
Зураг

Илон Маскийн 13 дахь хүүхдийн ээж асрамжлах эрхийн асуудлаар шүүхэд ханджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Зохиолч, инфлүнсер Эшли Клэйр өнгөрсөн онд төрүүлсэн хүүгийнхээ асрамжлах эрхийн асуудлаар тэрбумтан Илон Маскийг шүүхэд өгсөн нь тодорхой болжээ.

26 настай зохиолч эмэгтэй Баасан гарагт Нью-Йорк мужийн дээд шүүхэд гомдлоо гаргасныг Америкийн хэвлэлүүд олж мэдээлсэн байна.

Эндээс 53 настай Илон Маск нийт 13 хүүхэдтэй болсон нь батлагдаж байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр Маск, Клэйр нар 2023 оны тавдугаар сараас хойш дотно харилцаатай болж байжээ.

Улмаар Клэйр есдүгээр сарын 17-нд Маскийн хүүг төрүүлсэн юм байна.

Клэйр хүүхдийнх нь эцэг Илон Маск мөн болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх зорилготой шүүхэд ханджээ.

Зохиолч эмэгтэй шүүхэд гаргасан гомдолдоо хүүхдийг төрөхөд Маск хажууд нь байгаагүй, хүүхдийг халамжлах, асрахад огт оролцоогүйг мэдүүлсэн гэнэ.

Маск төрснөөс нь хойш Клэйрийн санаачилгаар гуравхан удаа хүүхдээ харсны хамгийн сүүлийнх нь арваннэгдүгээр сард болсныг бас мэдүүлсэн байна.

Бусдаар тэр хүүхдэдээ огт анхаарал тавьж байгаагүй гэнэ.

Харин ч тун хүйтэн хөндий хандаж, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эгзэгтэй цаг үед хүүхдийн талаар чимээгүй байхыг Клэйрт “сүрдүүлэг” байдлаар анхааруулж байжээ.

“Трампын амь насанд халдах оролдлогын дараагийн бай би болоод байна. Тиймээс аюулгүй байдлаа хангах үүднээс чимээгүй байх хэрэгтэй. Хэрвээ би нэг л алдвал хүүхэд аавыгаа хэзээ ч харахгүй” гэж Маск зохиолч эмэгтэйд бичиж байсныг шүүхийн гомдолд баримт болгон хавсаргасан байна.

Америкийн нэгэн шар хэвлэл Маскийн хүүхдийн тухай мэдээлэхээр төлөвлөж байгааг мэдсэнийхээ дараа Клэйр хүүхдийнхээ тухай анх удаа олон нийтэд зарлаж байжээ.

Валентины өдөр тэр Х хуудсандаа “Таван сарын өмнө миний хүүхэд энэ хорвоод мэндэлсэн юм. Илон Маск бол түүний эцэг. Хүүхдийнхээ аюулгүй байдал, бидний хувийн нууцыг хадгалах үүднээс би энэ талаар өмнө нь дэлгэж байгаагүй. Гэхдээ сүүлийн өдрүүдэд шар хэвлэлүүд бидэнд учруулж болзошгүй хор хөнөөлийг үл хайхран зарлах гэж байгаа нь тодорхой болсон тул урьдчилан мэдээлж байна” гэж Клэйр бичжээ.

Үүнээс хойш хэдэн өдрийн дараа тэр Масктай холбогдох гэж олон удаа оролдоод бүтээгүй тухай бичиж байв.

Одоогоор Илон Маск болон түүний бие төлөөлөгч хүүхдийн талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.

 

Эх сурвалж: The Washington Post