Олон улсын сагсан бөмбөгийн холбоо 31 дэх удаагийн Ази тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн (2025 FIBA Asia Cup)-ийг энэ оны наймдугаар сарын 5-17-нд Саудын Арабт зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан тус тэмцээнд оролцох багуудыг сонгон шалгаруулах Урьдчилсан шатны тоглолтууд өнгөрсөн амралтын өдөр боллоо. Манай улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Япон, БНХАУ, Гуамтай С хэсэгт багтсан.
Монголын баг Гуамын шигшээг талбайд нь 74:63-аар өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт буулган авсан.
Үргэлжлүүлэн хэсгийнхээ сүүлийн учраанд Японы шигшээ багтай өчигдөр тоглож, 79-89 онооны харьцаатай хожигдов. Ийнхүү С хэсэгт нэг хожиж таван удаа хожигдсоноор -97 бөмбөгтэй болж, тэмцээнээ өндөрлүүлж байна.
Хэрэв БНХАУ-ын шигшээ Гуамыг 24 онооны зөрүүтэй хожсон бол манай улсын шигшээ баг ААШТ-д оролцох эрхийн төлөө дахин нэг удаа өрсөлдөх байсан. Гэвч БНХАУ-ын шигшээ баг өрсөлдөгчөө найман онооны зөрүүтэй хожсоноор манай багийн найдлага тасарсан юм.
Гуамын шигшээ багийн хувьд С хэсэгт нэг хожиж таван удаа хожигдсоноор -82 бөмбөгтэй болж, урьдчилсан шатны хоёрдугаар нугалаанд шалгарлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!