Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Карьерын хана нурснаас осол гарсан байж болзошгүй

Т.Сайхан, Зууны мэдээ
2019 оны 3 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй “Эко Алтан Заамар” компанийн уурхайд энэ сарын 28-нд осол гарч, дөрвөн хүн сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн гурав хоногт уурхайд аврах эрэн хайх ажиллагаа явуулж өчигдрийн байдлаар хоёр иргэний цогцсыг гаргаад байна. Аврах ажиллагааг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригадын 20 алба хаагч явуулж байна. Эрэн хайх ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа юм.

Олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд нуралт болсноор энэхүү харамсалтай үйл явдал болсон байна. ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Ажиллах нөхцөл байдал хүнд байна. Усны түвшин өндөр болохоор дахиад нуралт үүсэх магадлал өндөр байна. Ер нь осолдсон жолооч нар амьд байх магадлал бага. Карьерын хана нурж, ийм осол болсон гэж таамаглаж байна” гэсэн байна.

Заамар сумын Засаг дарга Б.Самбуу “Усны ундарга карьер талаасаа нэвчиж байгаа тул аврах ажиллагаа удаашралтай байна. Газар бүрэн гэсээгүй байгаа учраас мөстэй, нуранги нь том чулуутай, байгалийн эрсдэл ихтэй байна. Дээд талын мөстэй хэсгийг экскаватороор хусаад шумбагчид дотор нь шумбан ажиллаж байгаа. 2016 оноос хойш олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа энэ газарт Төв аймгийн мэргэжлийн хяналт, тодорхой байгууллагууд хяналт шалгалтаа тавьдаг. Өнгөрсөн зун “Эко Алтан Заамар” компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудал үүссэн.

Иргэд Туулын хэсэг дээр байгаа тохойг эрүүлээр нь авч үлдэж, лицензтэй талбайгаас хасуулахаар шаардлага тавьснаас асуудал үүсэж байсан” гэлээ. “Эко Алтан Заамар” компани нь 2014 онд байгуулагдсан уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компани юм байна. Өнгөрсөн оны наймдугаар сард Туул голд бохироо урсгаж байгаа асуудлаас үүдэн үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч байжээ.

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712 болон Баянголын эх MV-018995, Бортолгой MV-021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг байна. Мөн тус компани нь “Алтайн хүдэр” компанийн эзэн Б.Базарын өмч гэх мэдээлэл бий. Тус уурхайд өмнө нь мөн энэ төрлийн осол болж байжээ.

Зураг