Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн соронзон орны умард туйл Сибирийг чиглэн хурдтай нүүж байна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн зуун жилийн хугацаанд дэлхийн соронзон орны умард туйлын цэг байнга нүүсээр иржээ.

Газарзүйн туйлын цэгээс ялгаатай нь соронзон орны туйлын цэг нь нисэх онгоц, шумбагч болон усан онгоцны аялалын зүг чигийг тодорхойлоход чухал үүрэгтэй байдаг. Ихэнхдээ Канадын умард хэсэгт эргэлддэг байсан умард туйлын цэг сүүлийн 40 орчим жилийн хугацаанд хурдтайгаар Сибирийг чиглэн нүүж байгаа нь эрдэмтдийн хувьд тайлагдашгүй нууц болоод байгаа ажээ.

“Одоо соронзон орны туйл жилд 50 км хурдтай нүүж байна. 1900-1980 оны хооронд төдийлөн хол шилждэггүй байснаа сүүлийн 40 жилд үнэхээр хурдтай нүүж байна” гэж Эдинбург дэх Британий Геологийн Хүрээлэнгийн судлаач Сиаран Бегган ярьж байна.

 

Дэлхийн соронзон орны туйлын цэгийг World Magnetic Model (WMM) аргаар шинэчлэн тогтоож, түүнийг нь АНУ, Европын армийн зэвсэг техникүүд ашигладаг. Мөн агаарын тээвэр, Google Maps, гар утасны GPS систем хүртэл үүнийг ашиглаж, баримжаагаа тогтоодог юм.

Таван жил тутамд нэг удаа Британий Геологийн Хүрээлэн, Далай, Атмосферийн Үндэсний Захиргаа (NOAA) байгууллагууд WMM аргаар соронзон орны умард туйлын цэгийг тодорхойлж зарладаг байна.

Дараагийн шинэчлэлийг 2020 онд зарлахаар товлоод байгаа. Гэвч туйлын шилжилт төсөөлж байгаагүй хурдтай байгаагаас АНУ-ын арми хугацаанаасаа өмнө тодорхойлж зарлахыг дээрх байгууллагуудаас хүссэн байна.

Ингээд хамгийн сүүлийн WMM тодорхойлолтыг хоёрдугаар сарын 4-ний өдөр буюу өнгөрсөн Даваа гарагт зарлажээ.

Гэхдээ соронзон туйлын хурдтай өөрчлөлтөөс үүсэх алдаа нь энгийн хүмүүсийн гар утасны GPS системд нөлөөлөхгүй, зөвхөн умард туйлын бүсэд амьдарч байгаа хүмүүсийн гар утас болон тэнд зорчиж яваа агаарын болон далайн тээврийн хөлгүүдийн жолоодлогод нөлөөлөх юм байна.

Дэлхийн бөмбөрцгийн гадаргаас 3,000 км орчим гүнд эргэлдэж байдаг шингэн төлөвтэй төмөр, никелийн урсгалаас соронзон орон бий болдог.

Соронзон орны ачаар манай дэлхий сансрын хортой туяанаас хамгаалагдаж байдаг юм.

Газрын гүн дэх шингэн металлын урсгалын эрчим, өөрчлөлт нь соронзон орны туйлын байрлалд нөлөөлж байдаг. Сүүлийн жилүүдэд соронзон орны умард туйл яагаад эрчимтэй шилжиж байгааг тогтоохоор эрдэмтэд ажиллаж байгаа ч шалтгааныг нь олоогүй байна.

 

Эх сурвалж: Business Insider