Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Шатахууны үнэ яагаад өсдөг вэ?

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Шатахуун бол манай улсын дуусашгүй, дундаршгүй, байнгын халуун сэдэв байсаар ирсэн. Байсхийгээд л шатахууны хангамж, үнэтэй холбоотой маргаан гардаг. Ялангуяа, энэ жил үнэ нэмэх үйл явц хэвшмэл гэмээр үзэгдэл болж байна. 

Тиймээс энэхүү нийтлэлээрээ бид шатахууныг тойрсон асуудлаар үнэн зөв, бодит мэдээллийг сурвалжилж, уншигчдадаа хүргэхийг зорилоо.

НЭГ. Шатахууны чанар

Шатахууны чанарыг ярихын тулд гарал үүслийг ярих зайлшгүй шаардлагатай болно. Манай улс шатахууны импортынхоо 98 хувийг ОХУ-ын цөөн тооны үйлдвэрээс орж ирдгийг хүн бүхэн мэдэх байх. Учир нь шатахууныг холоос авах тутам тээврийн хөлс нэмэгдэж, тэр хэрээр хэрэглэгчдэд очих үнэ өсөх тул Эрхүүгийн ойролцоо байрлах "Роснефть"-ийн Ангарскийн үйлдвэр дангаараа Монголын нефть бүтээгдэхүүний дийлэнхийг хангах үндэс болдог. 

Үлдсэн хоёр хувь нь Хятадаас орж ирдэг. БНСУ, Тайланд гэх мэт улсаас шатахуун оруулж ирэхэд тээврийн өртөг өндөр, мөн шатахууны стандарт нь манайхаас өндөр тул бүтээгдэхүүний үнэ нь өндөр байдгаас шалтгаалан оруулж ирэхээ болиод удаж байна. Хааяахан керосин гэх мэт бусад нефтийн бүтээгдэхүүн орж ирэх тохиолдол байдаг байна.

График 1, Шатахууны импорт улсаар

Манай хоёр хөршийн түлшний стандарт хоёулаа "Евро-5" болчихсон. Дэлхийн улс орнууд ч "Евро-5 ба 6" стандарт руу хэдийнэ шилжээд эхэлчихсэн. Хүн төрөлхтөн байгаль орчиндоо ээлтэй бөгөөд хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийг бууруулахын төлөө хөл нийлэн алхаж буйн жишээ энэ. 

Харин манай улс "Евро-2" стандарттайгаа “зууралдсаар” байгаа. Монгол Улс шатахууны стандартаа дэлхийн жишигт нийцүүлэх зориг, золиос гаргаж чадахгүй байгаа учраас ОХУ-ын Ангарск хотод байрлах үйлдвэр манай улсад зориулж "Евро-2" стандартын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байна.

Уг нь Засгийн газар зоригтой шийдвэр гаргаад “Евро-5” стандартыг нэвтрүүлчихвэл шатахууны үнэ тодорхой хэмжээнд нэмэгдэх ч иргэдийн эрүүл мэнд хийгээд байгаль орчинд ээлтэй, автомашины утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг мэдэгдэхүйц буюу 50 дахин бууруулж чадах боломжтой. 

Өнөөдрийн байдлаар бид хуучин стандарттайгаа, Эрхүүд байгаа хэд хэдэн үйлдвэр зөвхөн манай улсад тохируулан шатахуунаа үйлдвэрлэж байгаа учраас “нэг компани нь сайн түлш зараад, нөгөө нь муу бензин зардгаас машин эвдээд байна" гэсэн яриа үндэслэлгүй ажээ. Харин дотоодод хийж байгаа шатахууны хувьд технологи болон чанарын стандартын хяналтыг сайжруулах, импортын орцод нь ижил татвар ноогдуулах шаардлагатай. 

Монгол Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрөл бүхий 90 гаруй аж ахуйн нэгж байгууллага байдгаас талаас бага хувь нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.   

ХОЁР. Шатахууны үнэ

Монголын шатахуун импортлогч компаниуд 2014 онд "Роснефть" компанитай шатахууны үнийн асуудлыг цэгцэлж, гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээг байгуулахаас өмнө хойд хөрш маань дуртай үнээ тогтоодог байсан нь цэгцэрч Сингапурын бирж дээрх түүхий нефтийн үнийн хөдөлгөөнтэй уялдаж, сар бүр шинэчлэн тогтоодог зах зээлийн зарчмаар явж эхэлсэн байна. Тиймээс өдгөө өөрчлөгдөж буй шатахууны үнэ нь Сингапурын бирж дээрх үнэ ханшаас улбаатай гэж ойлгож болох нь.  

ОХУ дэлхийн томоохон нефть олборлогч улс учраас шатахууны үнийн хувьд манай улсад хамгийн хямдаар борлуулдаг гэж болно. БНХАУ-ын хувьд хэрэглээ маш өндөртэй ч Оросыг бодвол олборлолт нь маш бага учраас шатахууны экспортын үнэ нь өндөр. Тийм учраас Монгол Улсын хувьд хойд хөршөөсөө шатахуун импортлох замаар дийлэнх хэрэгцээгээ хангаж байна. Тодруулбал, "Роснефть" компани албан ёсоор Монголын шатахуун импортлогч 10 гаруй компанид шатахуун борлуулдаг гэдгийг дахин сануулъя.
 
Монгол Улсын дотоодын зах зээл дээр худалдаалагдаж буй түлш, шатахууны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ нь 2016 онд импортын үнэ, татвар болон компаниудын бусад зардал, ашгийн төвшнээс хэрхэн хамаарч байгааг Монголбанкны гаргасан судалгаанаас тодорхой харж болох юм. 

Яг энэ үеэр буюу 2017 оны хавар Засгийн газраас ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах болсон бөгөөд шатахууны Онцгой албан татварыг 2017 оны долоо, арваннэгдүгээр саруудад нэмэгдүүлж,

  • Дизель түлш  тонн тутамд 280,000 төгрөг
  • Автобензин /92, 95, 98/ тонн тутамд 210,000 төгрөг хураахаар болсон.

Дээр бичсэн зах зээл дээрх үнийн өсөлт ба онцгой татварын нэмэлт нь Монгол Улсад шатахууны үнийг тогтвортой барих боломжгүй болгосон үндсэн 2 шалтгаан. Ингээд шинэ он гармагч нөхцөл байдал улам хүндэрснээр Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр хуралдаж, А-80, АИ-92 автобензиний Онцгой албан татварыг "0" болгох шийдвэрийг гаргасан юм. Энэ шийдвэрт дизель түлш болон АИ-95, АИ-98 шатахуун хамаараагүй. 

Ийнхүү Засгийн газар ОАТ-ыг тэглэснээр шатахууны үнэ өсөхгүй гэсэн ойлголтыг иргэд, олон нийт авсан билээ. Гэвч өнөөг хүртэл үнэ нь нэмэгдсээр байгаа нь ямар учиртай вэ?

Энэ бол зөвхөн улстөрчдийн иргэдэд өгсөн тайлбар төдий байжээ. Харин бодит байдал энэ шийдвэрээс хамаарах уу? 

Шинэ Засгийн газар байгуулагдаж, үнэ нэмэхгүй байх шийдвэр гаргаад зогсохгүй 2017 оны онцгой албан татвараа нэмсэн нь импортлогчдын хувьд бүтээгдэхүүний өртөг нь борлуулалтын үнээсээ давах нөхцөлд хүргэсэн байна. Иймхүү шатахуун импортлогчид улам хүнд байдалд орж, асуудлаа нээлттэй ярьж эхэлсэн хугацаа нь 2018 оны нэгдүгээр сар. 

Учир нь улстөрчдийн тайлбар иргэдэд шууд хүрч, харин импортлогчид нийгэмд буруутан болон хувирав. Тодруулбал, үнэн хэрэгтээ Засгийн газар татвараа нэмж, ашгаа авсныхаа дараа татварыг буцаан тэглэж, бүх бурууг компаниудад тохож “нэр хүндээ” хамгаалж эхэлжээ. 

ГУРАВ: Шатахууны үнэ цаашид өсөх үү?

Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 3-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хийсэн мэдээллээр "ОХУ-аас манай улсад энэ сард импортлох АИ-92 автобензиний хилийн үнэ нэг тонн тутамдаа 721 ам.доллар, дизель түлшний хилийн үнэ нэг тонн нь 673 ам.доллар болж, өмнөх сарын импортын хилийн үнээс 8-10 ам.доллараар нэмэгджээ.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат "Сүүлийн нэг жилийн хугацаанд "Brent" төрлийн газрын тосны үнэ 30 гаруй хувиар өссөн. Үүнийг дагаад манай улсад импортоор орж ирж буй автобензин, дизель түлшний үнэ ч мөн 20-25 хувиар өсөөд байна. Монгол Улс түлшний хувьд гадаад зах зээлээс шууд хамааралтай байдаг тул жижиглэнгийн үнэ нь түүнээс хамаарч байнга өсч байдаг. 

Манай улсын зүгээс Онцгой албан татварууд дээр л зохицуулалт хийх боломжтой. Тус асуудлыг эрх, үүргийн дагуу Сангийн яам Засгийн газрын хуралдаанд хүргүүлж, хэлэлцүүлж болно" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Тэгвэл шатахуун импортлогч компаниудын зүгээс авч үзвэл Онцгой татварыг тэглээд, үнээ нэмээд ч ашиг нь ерөөсөө өсөөгүй гэх. Учир нь энэ салбар бол дуртай үедээ үнээ нэмээд, ашгаа өсгөчихдөг салбар биш ажээ. Монгол Улсад импортолж байгаа шатахууны хилийн үнэ нь дэлхийн зах зээлийн үнийг дагаж байгаа. Төрийн зохицуулалт буюу онцгой албан татвар нь дангаараа дэлхийн зах зээлийн үнээс давж жижиглэнгийн үнэнд нөлөөлөхөд хэцүү.

2018-01, 1$=2431.5₮

2018-02, 1$=2421₮

Тиймээс шатахууны жижиглэнгийн үнийг төрийн зүгээс зохицуулах гэж оролдохоо зогсоох нь зах зээлийн эдийн засгийн зарчимд нийцнэ гэж тэд үзэж байна. Эцсийн дүндээ Онцгой албан татварын тогтолцоог халж, урт хугацаанд дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ буурахад шатахууны үнэ дагаад буурдаг тогтолцоог бүрдүүлэх нь хамгийн зөв шийдэл билээ. Учир нь нефтийн үнэ унаж байсан 2015-2016 онуудад шатахууны үнэ буураагүй шалтгаан нь Засгаас зөрүүлээд онцгой албан татвараа их хэмжээгээр нэмэгдүүлж байсантай холбоотой юм.

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын хэмжээ, хэтийн төлөвийг Ашигт малтмал, газрын тосны газар урьдчилсан гаргасныг ЭНД-ээс харж болно. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.