Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: Оффис, автомашин засвар, урсгал засварын зардал бүхэлдээ хасагдлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг гишүүдийн 79.2 хувийн саналаар баталлаа.

Ирэх оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шинээр болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих 1 их наяд 400 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах, шинээр 289 тэрбум 971.1 сая төгрөгийн Засгийн гадаад төслийн зээл авах замаар санхүүжүүлэхээр боллоо.

Мөн Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2 их наяд 500 тэрбум төгрөгөөс илүүгүй байхаар тогтоолоо.

  • Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг нийт дүнгээрээ 159 тэрбум 170.7 сая төгрөг,
  • Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын нийт хэмжээг 71 тэрбум 338.5 сая төгрөг,
  • Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн нийт хэмжээг 284 тэрбум 400.8 сая төгрөг байхаар батлав.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталлаа.

Ирэх онд төсвийн хөрөнгөөр 2 их наяд 567 тэрбум 529.1 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхэд 1 их наяд 143 тэрбум 275.5 сая төгрөг зарцуулахаар болж байна.

Төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга твиттер хуудсандаа ийн бичжээ.