УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагаас 56.6 хувийн ирцтэй эхэллээ.
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын дарга хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулсны дараа Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг зүйл, заалт бүрээр нь уншиж санал хураалгаж эхэллээ.
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль нь Монгол Улсын 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж.
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн зүйл, заалт бүрээр санал хураах ажиллагаа үргэлжилж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!