УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та ч төсөвтэй холбоотойгоор нэлээд ширүүн үзэж байх шиг байна. Уг нь хөөсийг нь шахаад л байгаа шүү дээ?
-2014 оны төсвийн хөөс болон авлигыг нь харьцангуй сайн шахсан. Нөгөөтэйгүүр хямралын шинжтэйгээр танаж хассан төсөв л дөө. Өөрөөр хэлбэл, маш олон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг зогсоосон, танасан. Харамсалтай нь шинээр барих сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгуудын 90 гаруй хувь буюу 400 гаруй тэрбум төгрөг хасагдсан гэж ойлгож болно. Хэдийгээр эдийн засаг хүнд байгаа ч миний хувьд эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэргийн хөрөнгө оруулалтыг зогсоож болохгүй гэдэг байр суурьтай байгаа.
Хямралын үед төсвөө хэмнэх, хөрөнгө оруулалтаа татах нь зөв. Гэхдээ боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн ирээдүйг хасч болохгүй. Хүүхдээсээ мөнгө харамласан, эрүүл мэнд, боловсролоосоо мөнгө танасан улс орон хөгжинө гэдэг хэцүү.
-Тэгвэл дээд боловсролын тэтгэлэг, санхүүжилтийн тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Дээд боловсролын санхүүжилттэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Дээд боловсролд төрөөс санхүүгийн тусламж үзүүлэхдээ сурлагын чанар, үр дүнтэй нь холбох хэрэгтэй. Сурлагаараа амжилттай яваа оюутнууд төрөөс тэтгэлэг авах нь нээлттэй байхаар зохицуулах, эсвэл амжиргааны түвшин багатай гэр бүлээс суралцагч оюутанд тэтгэлэг олгодог байх нь зүйтэй.
Ер нь тэтгэлэг, халамжийн бодлогыг хэт хавтгайруулах нь сайн зүйл авч ирэхгүй.
-УИХ-аар төсвөө танана гэж яриад байгаа. Гэхдээ төсвөөс гадуурх зээл, тусламж зэрэг мөнгөний урсгалыг бас цэгцлэх ёстой баймаар?
-Өнгөрсөн жил төсвөөс гадуур Хөгжлийн банкнаас 1.2 тэрбум ам.доллар гараад явчихсан. Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрийн дор 2.9 их наяд төгрөг гаргасан. Өөрөөр хэлбэл, улсын төсөвтэй тэнцэх мөнгө гадуур урсаж байна гэсэн үг.
Гэвч энэ их хэмжээний мөнгөний урсгалд хяналт, хариуцлага, ил тод байдал хангагдаагүй. Энэ мөнгө улсын төсөвт өр хэлбэрээр сууж байгаа. Тиймээс нэгдсэн улс нэг төсөвтэй байх нь зүйтэй. Энэ саналыг дэлхийн банк болон бусад олон байгууллагаас хэлж байгаа. Нэг айл нэг л төсөвтэй байдаг. Эхнэр, нөхөр, хүүхэд нь тус тусдаа төсөвтэй бол тэр айл хөгжиж, дэвжинэ гэж би бодохгүй байна.
Тиймээс нэгдсэн төсөв, нэгдсэн хяналт, санхүүгийн нэгдсэн зарцуулалт, бодлого байж гэмээнэ улс орон хөгжинө. Улсынхаа төсөв, багахан баялгийг хэдэн сайд тус тусдаа зарцуулдаг, дураараа дургидаг байх нь Монголын ард түмний эрх ашигт нийцэхгүй.
-Сөрөг хүчин эдийн засаг хямарлаа гэж яриад байсан. Энэ нь одоо л иргэдийн амьдралд мэдрэгдэж, халаас руу орох байх даа. Өндөр ханшаар авсан валютын зөрүүгээ бараа бүтээгдэхүүний үнэнд шингээж худалдаа, арилжаа хийж эхлэхээр жинхэнэ хямрал эхлэх бус уу?
-Ирэх оны мөнгөний бодлогыг харсан. Мөнгөний бодлого төсвийн төсөл дээр валютын ханшийг тогтвортой байлгах, инфляцийг найман хувьд барих бодлоготой байгаа. Өнгөрсөн онд инфляци тогтвортой байсан хэдий ч валютын ханшаа алдсан. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэж байгаа.
Монголбанк, Засгийн газрын буруу бодлогоос болж банкнаас зээл авсан жирийн иргэд, татвар төлөгчид, бизнес эрхлэгчид их хэмжээгээр хохирч байна. Уг нь валютын ханшын өөрчлөлтөөс болж иргэд, аж ахуй нэгжүүд хохирох ёсгүй. Тиймээс валютын ханшийн өөрчлөлт, эдийн засгийн алдаатай бодлого, монгол мөнгөний худалдан авах чадварын уналтаас болж хохирсон хохирлыг төр засаг хариуцах ёстой гэдэг саналаа холбогдох байгууллагуудад нь хүргүүлээд байгаа.
Мөнгөний ханш, валютын ханшийг иргэн, хувь хүн зохицуулж чадахгүй, төр засаг зохицуулах үүрэгтэй шүү дээ.
-Та сүүлийн үед Засгийн газрыг багагүй шүүмжилсэн. Саяхнаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Эндээс харахад намынхантайгаа зөрчилдөөд байдаг болж гэж санагдаад байгаа?
-Намын гишүүн байлаа гээд дотооддоо байнга нэгдмэл байр суурьтай байна гэсэн үг биш. Тийм ойлголт, хууль ч байхгүй.
Хэрвээ намын байр суурь, ард түмний эрх ашиг хоёр зөрчилдвөл би олон түмэн буюу иргэдийнхээ эрх ашгийг л дагана. Мэдээж үүнд улс орны эрх ашиг орно.
Засгийн газрын байр суурь буруу байгаа тохиолдолд дэмжих албагүй. Энэ асуудлуудыг зөвөөр ойлгох хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд би хэнээс ч айхгүй үгээ хэлж, үзэл бодлоо тууштай хамгаалах л болно.
Эцсийн эцэст УИХ-ын гишүүд улс орныхоо өмнө тодорхой үүрэг хүлээсэн төрийн хүмүүс. Аль нэг нам бүлгийн эрх ашгаас гадна хамгийн гол нь ард түмэн, улс эх орны эрх ашиг тэргүүнд нь тавигдах ёстой. Би ийм л зарчмаар ажилладаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!