Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх оны төсөв ид "халуун" дээрээ явна

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаан 09.45 цагт эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг Улсын Их Хурлын дарга танилцууллаа. 

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

З.Энхболд: Долоон сая төгрөгийн цалинг шүүгчдэд өгөхгүй. УИХ цалин тогтоодог хэвээрээ байгаа. 

Хүний хөгжил санд 549.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвлөжээ

Төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор танилцууллаа.

Танилцуулгад дурдагдсанаар, Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.865.0 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.251.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 410.1 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төсөвлөжээ.

Мөн Нийгмийн даатгалын сангийн орлогыг 1.246.1 тэрбум төгрөгөөр, зарлагыг 1.289.3 тэрбум төгрөгөөр тооцож, сангийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 43.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төсөвлөжээ. Хүний хөгжил санд 549.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвлөж, зарлагыг 312.1 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.

Байнгын хорооны хуралдаан дээр ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэгбүрчлэн санал хураалгаж шийдвэрлэсэн.

Ингэснээр Ажлын хэсгээс гаргасан саналын дагуу 2013 оны төсвийн тодотголоор 2014 оны төсөвт тусгахаар хойшлуулсан 144 төсөл, арга хэмжээний санхүүжих эрхийг түр зогсоож, төсөвт өртөг болон 2014 онд санхүүжих дүнг “0” дүнтэй болгож өөрчлөн эдгээр арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн шалтгааныг нягтлан шалгаж тогтоон, Улсын Их Хурлаас шийдвэр гаргах хүртэл санхүүжилтийн эх үүсвэрийг нь зогсоож, 2014 онд санхүүжих 139394,8 сая төгрөгийг Сангийн сайдын багцад байршуулах, мөн 2013 оны төсвийн тодотголоор хасагдаад 2014 оны төсвийн төсөлд тусгагдаагүй 96 төсөл, арга хэмжээний төсөвт өртөгийг төсөлд “О” дүнтэйгээр нэмж тусгах санал дэмжигдсэн гэлээ.

Түүнчлэн УИХ дахь АН, МАН, “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгүүдээс Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн саналыг бүрэн дэмжсэн тохиолдолд бүлгийн гишүүд Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан дээр гаргасан зарчмын зөрүүтэй саналаа татаж авч байгаагаа мэдэгдсэн тул санал хураалгаагүй байна.

Тус Байнгын хорооны ажлын хэсгээс “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзсэнийг гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсаны дараа Улсын Их Хурал дахь намын бүлгүүд санал, дүгнэлтээ танилцуулсан.

УИХ дахь АН-ын бүлгийн санал дүгнэлт

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг санал, дүгнэлтдээ нэгдсэн төсвийн зардалд төрийн захиргааны байгууллагын тавилга, эд хогшил, компьютер, конторын тоног төхөөрөмж, автомашин худалдан авахад 27.0 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн нь оновчтой бус байна.

Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголоор санхүүжилтийн дүн буурсан болон хасагдсан, 2012-2013 онд гэрээ байгуулан хэрэгжиж байгаа зам, гүүрний барилгын ажлуудын санхүүжилтийн эх үүсвэр 2014 онд төсвийн төсөлд тодорхой тусгагдаагүй байгаад Засгийн газар анхаарах нь зүйтэйг хэлсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн санал дүгнэлт

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг санал, дүгнэлтдээ, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, төгрөгийн худалдан авах чадвар эрс суларч байгаа энэ үед төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг төгрөгийн худалдан авах чадвар, инфляцийн түвшинтэй уялдуулан 25-30 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг дурдлаа.

УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн санал дүгнэлт

УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Батцэрэг

Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлэг санал, дүгнэлтдээ, төсвийн хөрөнгийн орлогыг болон хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон үр ашгийг нарийвчлан тооцож төлөвлөх замаар төсвийн орлогын бүтцийг сайжруулах, өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хавтгайруулсан бодлогод шинэчлэл хийж, нийгмийн халамж, үйлчилгээ шаардсан зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэх, улсын хил орчмын болон төвөөс алслагдсан сумдын хөгжлийг дэмжин Улаанбаатараас хөдөө орон нутаг руу чиглэсэн хүн амын шилжилтийг урамшууллын бодлогоор шийдвэрлэх, орон нутагт нэмүү өртөг шингэсэн байгаль, экологид аюулгүй боловсруулах үйлдвэр байгуулж иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэв.

Ингээд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт болон УИХ дахь намын бүлгүүдийн санал, дүгнэлтийг сонссоны дараа Төсвийн байнгын хорооноос нэгтгэн гаргасан зарчмын зөрүүтэй 110 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Санал, хураалтын явцад гишүүд асуулт асууж хариулт авав.

Гишүүд асуулт асууж хариулт авлаа

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл асуултдаа, “ Шүүхийн ерөнхий зөвлөл төсвөө Улсын Их Хуралд оруулах эрхтэй. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл эрхээ хэтэрхий давруу хэрэглэж байгаа нь хуулиар олгогдож байгаа эрх хэмжээг зөв эдлэх ёс зүй, жудагаа ойлгохгүй байгаа нь харагдаж байна хэмээн шүүмжилж, Шүүхийн ерөнхий зөвлөл энэ байдалдаа дүгнэлт хийж ажиллах хэрэгтэйг санууллаа.

Мөн төрийн албан хаагчид тэдний цалингийн тогтолцоог ийм байдлаар шийдээд байвал утга учираа алдана. Иймд нэг хэсэг нь айлгасан байдлаар Улсын Их Хурлаар учиргүй их цалин шийдүүлээд гарч болохгүй гэдгийг анхааруулж, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод энэ асуудлыг хэлэлцэхэд анхаарал хандуулж, дүгнэлт хийсэн эсэх талаар тодруулав. Түүнчлэн энэ байдалд УИХ-ын дарга ч анхаарлаа хандуулж, нухацтай ярилцах шаардлагатай гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан /2013.11.13/

УИХ-ын дарга хэлэхдээ, долоон сая төгрөгийн цалинг шүүгчдэд өгөхгүй. Улсын Их Хурал цалин тогтоодог хэвээрээ байгаа. Үндсэн цалин болон нэмэгдэл цалингийн зөрүүг Улсын Их Хурал баталдаг хууль бий. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл төсөвөө боловсруулж Улсын Их Хуралд оруулж батлуулах үүргийнхээ хүрээнд асуудлаа хуулийн дагуу оруулж ирэх хэрэгтэй.

Одоо авч байгаа үндсэн цалин болох хоёр сая төгрөгийг бууруулахгүй байх асуудал Хууль зүйн байнгын хороон дээр яригдсан. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар одоо Сангийн яамнаас өгч байгаа цалин, мөрөөдөж байгаа цалин хоёрын дундуур бодож санал хураасан гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, өнөөдөр шударга шүүх ажиллах бүрэн боломжийг хангахгүй бол энэ тал дээр манай улс хоцрогдож байна. Авилгын асуудал манай улсад гаарсан талаар их яригдаж байгаа. Америкт гэхэд л шүүгчдийн ажиллах нөхцөл, боломж нь насаараа баталгаатай байдаг.
Иймд өнөөдөр бололцоотой бол шүүгчдийн цалинг батлаад өгөх шаардлагатай. Ингэж байж хуулийн дагуу шударга шүүхээр шийдүүлэх эрх хангагдана. Иймд гишүүд сэтгэлгээгээ өөрчлөх цаг болсон. Тиймээс шүүгчдийн ажиллах боломж, нөхцөлийг дэмжих асуудлыг Хууль зүйн байнгын хорооноос дэмжсэн гэв. 

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн цалин хангамжийн талаар яригдаагүй. Энэ бол Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтах учраас тус байнгын хороон дээр ярьж шийдэгдэх ёстой гэж үзсэнийг тус байнгын хорооны дарга А.Бакей хэллээ.

Харин цалингийн сүлжээний асуудал байнгын хороон дээр яригдах үеэр нэг сүлжээнд хамрагдах үүднээс шүүхийн шинэ хуулиуд үйлчилж эхлэхтэй холбогдуулж, ажиллах шинэ орчин нөхцөлөөр хангах ёстой гэсэн гишүүдийн санал гарч байсныг дуулгалаа.
Цаашид цалингийн сүлжээ зарим байгууллагад тохирохоо больж байгаа.

Гэхдээ Д.Дэмбэрэл гишүүний хэлснээр ерөнхий цалингийн бодлогоо Улсын Их Хурал барьж , баталдгаараа батлаад явна. Хуулиа ойлгомжтой болгох ажил Улсын Их Хуралд өөрт нь байгаа гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлэв.

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналууд дээр гишүүд байр сууриа илэрхийлж тайлбар, тодруулга авснаар санал хураалтууд дэмжигдэж, төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууслаа. Ингээд Төсвийн хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн хуралдаанаар төсөв батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш үргэлжилнэ.