Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын төсвийн урсгал зардлыг 20.2 тэрбумаар бууруулахаар тооцжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийгээд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого талд навигацын орлогыг 1З.0 тэрбум төгрөг, газрын тосны орлогыг 7.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, Барилга, хот, байгуулалтын сайдын багц дахь төсөвт байгууллагын өөрийн орлогыг 1.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар оруулж иржээ.

Нэгдсэн төсвийн нийт алдагдал 409.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 2 хувьтай тэнцэхээр байгаа ажээ.

Улсын төсвийн урсгал зардлыг өмнөх оны түвшинг харгалзан зардлын тодорхой зүйл анги тус бүрээр 5-20 хувиар төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаас хэмнэхээр тооцож нийт 20.2 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг бууруулж тооцсон байна.

Төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан төсвийн урсгал зардал нэмэгдүүлэх болон төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зохицуулалт хийх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц дотор зохицуулалт хийх, төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх, бууруулах саналуудын дагуу холбогдох өөрчлөлтүүдийг хийж төсвийн төсөлд тусгажээ.

Тухайлбал, Хөрөнгө оруулалтын зардалд 199.617.3 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг төсөлд нэмж, 129.381.0 сая төгрөгийн төсөл арга хэмжээг төслөөс хасжээ.

Дээрх өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зардал 18.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа юм байна.

Монгол Улсын Нэгдсэн төсвийн нийт орлого 6.883.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт зардал 7.293.8 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ний 35.6 хувь болж байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 409.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 2 хувьтай тэнцэхээр байгаа ажээ.

Гишүүд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж дуусан дөрөв дэх хэлэлцүүлгийг хийхээр боллоо.