Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батсайхан: Завханыг зорих жуулчдын замыг бартаагүй болгоно

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2018 оны 5 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Энэ жил хийхээр төлөвлөсөн ажлуудын явц ямар байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтаас шалтгаалан хойшилж байгаа ажил бий юу?

-Зам дагаж хөгжил ирдэг. Аймгийн Засаг даргаар томилогдсон өдрөөс эхлэн замын бүтээн байгуулалтад түлхүү анхаарна гэдгээ хэлж байсан. Ингээд Загастайн давааны 67 км замыг орон нутгийн нөөц хөрөнгөөр засч, ард иргэдээ тайван амгалан зорчуулах, цаг хугацаа, хөрөнгө хэмнэхийг зорьсон. Энэ жилийн бүтээн байгуулалт замын ажлаар үргэлжилж байгаа. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай замын ажил өнгөрсөн жил эрчимтэй явсны үр дүнд 64 км-ыг нь барьж чадсан.

Одоо үлдсэн хэсгийг хатуу хучилттай болгож бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Саяхан ажлын явцтай танилцахад энэ зундаа ашиглалтад оруулах болно гэдгээ гүйцэтгэгч компанийнхан хэлсэн. Загастайн давааны замыг хатуу хучилттай болгох хөрөнгийн асуудлыг өнгөрсөн жил бүрэн шийдвэрлэсэн. БНХАУ-ын Элчин сайд манай нутагт ирж ажиллах үеэр замынхаа асуудлыг тавьсан. Мөн Засгийн газарт санал тавьсан.

Ингээд Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажилласны үр дүнд Хятадын хөнгөлөлттэй зээлээс хэмнэгдсэн хөрөнгөөс 23.6 сая ам.доллараар Загастайн давааны замыг барьж дуусгах хөрөнгийн асуудлыг шийдсэн юм. Өнгөрсөн онд тендер зарлан энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд Хятадын компанитай гэрээ байгуулан бэлтгэл ажлыг хангасан учраас ажил удахгүй эхэлнэ.

Түүнчлэн Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай замыг барих асуудлыг шийдвэрлэсэн. Концессын гэрээгээр барих байсан ч цуцлагд­чих­сан байсан юм. Тиймээс Засгийн газар болон УИХ-ын гишүүд дэмжсэний үр дүнд өнгөрсөн намар концессын гэрээ байгуулан бэлтгэл ажлаа хийсэн. Өнгөрсөн сарын 25-наас зам барих ажлыг эхлүүлсэн бөгөөд хоёр жилийн хугацаанд барьж дуусгах төлөвлөгөөтэй.

-Зөвхөн зам гэлтгүй сумдад бүтээн байгуулалтын ажлуудыг хийж эхэлсэн тухай ярьж байсан?

-Тэгэлгүй яахав, сум бүрт бүтээн байгуулалт хийхээр төлөвлөн Засаг даргын мөрийн хөтөлбөртөө тусган “Миний гоё сум” аяныг аймгийнхаа 24 суманд хэрэгжүүлэхээр шийдсэн. Ер нь муухай газар гэж байдаггүй. Тэгэхээр өөрийнхөө амьдарч байгаа газар нутгийг эмх цэгцтэй, дэг журамтай байлгах нь орон нутгийн иргэдийн үүрэг. Энэ аяны хүрээнд сумын байгууллага болон айл өрхүүд гадна орчноо тохижуулах, хашааныхаа өнгө үзэмжийг сайжруулах, тодорхой бүтээн байгуулалтыг  хийх учиртай.

Мөн сумынхаа цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, гэрлэн хаягтай болгоно. Түүнчлэн хэд хэдэн суманд Тамгын газар, сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр барьж эхэлсэн. Зарим барилга ашиглалтад орохтой зэрэгцээд хуучин барилгуудад засвар хийж байна. Энэ жил орон нутгийн хөгжлийн сангаас 6.2 тэрбум төгрөгийг сумдад зарцуулна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумдад бүтээн байгуулалт хийх бөгөөд нийт 20 гаруй тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Мөн аймгийн төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Спорт цогцолбор, усан бассейныг ашиглалтад оруулна. Нийт гурван тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаснаар 800 хүний суудалтай аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилгын ажил зогссон байсныг эрчимжүүлэхээр болсон. Ингээд ирэх жил театрын барилгыг бүрэн ашиглалтад оруулна.

-Танай аймаг үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавьсан. Энэ хугацаанд ямар үр дүн гарав?

-Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжинэ гэсэн зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа. Ер нь бүх аймаг энэ зорилтын хүрээнд ажиллаж байна. Гэхдээ үйлдвэрлэгч болохын тулд томоохон үйлдвэр барихыг эрмэлзэх нь төдийлөн оновчтой биш. Аливаа том амжилт энгийнээс эхэлдэг.

Тиймээс бид 2016 оны намар бүх суманд оёдол, эсгүүрийн сургалтыг зохион байгуулсан юм. Сум бүрт оёдолчин, эсгүүрчин, гар урлал хийдэг хүмүүсийг чадавхжуулсан. Өн­гөр­сөн онд эсгий болон гар урлалын чиглэлээр сургалт явуулж энэ чиглэлээр ажиллах өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хамруулсан. Энэ жил ахисан шатны сургалтын жил болгон зарласны хүрээнд хатгамал, зээгт наамал хийх боломжийг нь бүрдүүлсэн. Хамгийн гол нь мөнгө өгөхөөс илүүтэй мөнгө олох аргыг нь заахыг чухалчилсан. Энэ хугацаанд нийт 1,500 өрхийн үйлдвэрлэгчтэй боллоо. Тэдний бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд худалдан борлуулахад нь туслах зорилгоор үзэсгэлэн худалдаа, маркетингийн арга хэмжээг зохион бай­гуулсан.

Манай аймгийн өрхийн үйлдвэрлэл 20 хувиар өс­сөн.

Тодруулбал, өн­гөр­сөн онд манай аймгийн өрхийн үйлдвэрлэл 20 хувиар өс­сөн үзүүлэлт гарсан. Ер нь үйлдвэрлэгч аймаг болохын тулд өрхийн үйлдвэрлэлээс эхлэх ёстой гэж үзсэн. Ингэснээр үйлдвэрлэлийг өргөжүүлэх сууриа цутгаж байна гэсэн үг шүү дээ. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл хүрээгээ тэлж байгаа. Мөн өвлийн хүлэмжийн аж ахуйтай болсон. Өөрөөр хэлбэл, завханчууд шинэ ургацын ногоогоо өвөл, зунгүй хэрэглэх болсноор ахиц гарсан гэж болно. Мөн манай аймагт гутлын үйлдвэр байгуулагдсан гэд­гийг онцлон тэмдэглэмээр байна.

-Баруун бүсд давуу талаа ашиглан ажиллуулах боломжтой үйлдвэр барихын тулд ямар салбарыг онцолж байна?

-Завхан аймгийн хувьд малын чанар сайн учраас үүнийг түшиглэн ноос угаах, самнах үйлдвэр байгуулах бүрэн боломжтой. Мөн мал аж ахуйн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох боломж бий. Жимс, жимсгэнийн үйлдвэр байгуулах давуу талтай. Байгалийн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгосноор бидэнд олон боломж нээгдэнэ. Эдийн засгийн хувьд ч чадавхжих болно. Нөгөөтээгүүр үйлдвэрлэл технологийн парк барихаар зорьж байна. Үүнийг Тэлмэн суманд барихаар олон жил ярьсны эцэст эрчимжүүлэхээр боллоо. Ерөнхий сайдыг Хятадад айлчлах үеэр энэ паркийг барих асуудлаар санамж бичиг байгуулаад ирсэн. Ингэснээр Завхан аймаг баруун бүс томоохон таван үйлдвэр барихын зэрэгцээ малчдын орлого өсч, мал аж ахуйн гаралтай түүхий эд үнэд хүрнэ.

-Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх талаар ярих болсон. Тэгэхээр үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд борлуулах зах зээлээ тооцоолох шаард­лага гарч байгаа юм. Энэ талаар?

-Зах зээлийн эдийн засагт орлох болон хослох бүтээгдэхүүн гэдэг ойлголт бий. Өөрөөр хэлбэл, энэ нийгэмд хүн бүр өөрийн бодсоныг гүйцэтгэх нь төдийлөн амжилтад хүрнэ гэж найдах хэрэггүй гэсэн үг. Учир нь борлуулах зах зээл нь ямар даацтай вэ гэдгийг эхэлж харах учиртай юм. Тэгэхээр аймаг бүр махны үйлдвэртэй байх нь зөв шийдэл биш гэдэг нь үнэн. Яагаад гэвэл, бараа бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлгүй бол хөрөнгө түгжигдэнэ, магадгүй дампуурах ч эрсдэл бий. Хэрэв Завхан аймаг махны үйлдвэртэй байвал хөрш зэргэлдээ аймаг нь махыг орлох болон хослох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хэрэгтэй юм. Манай аймгийн хувьд онцлог давуу талаа түшиглэн ажиллах ёстой.

Завхан найман аймагтай хил залгаа оршдог газар зүйн байрлалтай. Тэгэхээр орон зай, байрлалын онцлогоо түшиглэн үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжтой. Мөн Завханы үндсэн брэнд сартуул үүлдрийн хонины ноосыг түшиглэн үйлдвэр байгуулах нь зөв эхлэл гэж хардаг. Гутлын үйлдвэрээ хөгжүүлээд бусад аймагтаа борлуулж болно. Тиймээс аймгууд өөрийн давуу талаа ашиглан хөгжих нь илүү бат, бөх суурьтай, урт хугацааны үр дүнтэй хөгжил болох юм.

-“Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулсан нь далд зорилготой байсан болов уу гэж хардаг?

-Байгаль орчноо хамгаалах, дээдлэх зорилготой. Тиймээс “Эко Завхан” аяныг өрнүүлж байна. Уул уурхайн бус бүс нутаг болох зорилтыг дэвшүүлсэн. Шинээр лиценз олгохгүй гэсэн байр суурьтай байна. Тэгвэл уул уурхайгаас ангид байхын тулд юу хийх вэ гэдэг асуулт гарна. Хариулт нь аялал жуулчлалыг хөгжүүлэх. Өөрөөр хэлбэл, зоосон мөнгөний тоотой хэсгийг барих уу, сүлдтэй хэсгийг барих уу гэдэг сон­голт тулгарсан. Бидний хувьд сүлдтэй талыг баримтлан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байгаа юм. Ер нь аялал жуулчлал нь зөвхөн аймгийн хувьд биш улсын хөгжлийн гарц гэж боддог. Тиймээс “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулж эхэл­сэн юм шүү дээ. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд бүтээгдэхүүн болон дэд бүтэц зайлшгүй хэрэгтэй. Үүнийг дагаад үйлдвэрлэл, зам харилцаа хөгжих шаардлагатай. Тиймээс үйлдвэрлэгч аймаг болох зорилтыг тавь­­сан. Нөгөөтээгүүр дэд бүтцээ хөгжүүлэхийн тулд замын бүтээн байгуулалтад онцгой анхаарч байгаа юм. Мөн түүнчлэн үйлчилгээний соёлд сурал­цах учиртай.

Тодруулбал, Завхан аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд үйлчилгээ сайтай байхын сацуу орон нутгаас өргөн хэрэглээний болоод нутгийн брэнд бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжийг бүрдүүлэн олон нэр төрлийн барааг үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Манай аймгийг зориод ирэх жуулчдын явах зам нь бартаа саадгүй, цаг хугацаа алддаггүй байх ёстой.

-“Эко Завхан” аяны зорилго?

-Аливаа зүйлийг ярихаас илүүтэй эхлүүлэх нь хамгийн чухал. Тиймээс энэ аяныг эхлүүлсэн. Энэ хүрээнд бүх байгууллагууд байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, хоггүй байлгах асуудалд анхаарал хандуулж байгаа. Аяны төгсгөлд “Эко сум”, “Эко байгууллага”, “Эко хэвлэл мэдээлэл”-ийг шалгаруулах болно. Ойролцоох 100 метр газрын цэвэрлэгээ, нөхөн сэргээлт, тохижилтоо тухайн байгууллага хариуцна. Энэ аяныг эхлүүлснээр иргэдийн хандлага өөрчлөгдөж байгаа нь анзаарагдсан. Ядаж л өөрийнхөө ойр тойрны хүмүүст “Би цэвэрлэсэн шүү, хогоо битгий хаяарай” гэж захиж байна. Үр дүнд нь Завхан аймаг хоггүй, цэвэр орчинтой, тохижилт, ногоон байгууламж сайтай байх болно.

Зураг