Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Аутизм бол өвчин биш харилцааны эмгэг

М.Сувданзаяа, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 7
Үндэсний шуудан
Зураг зураг

Хоолоо өөрөө идэх, хувцсаа өөрөө өмсөх, "болохгүй" гэхээр больж, босоод “Аяга аваад ир" гэдгийг биелүүлэх нь зарим аутизмтай хүүхдүүдийн хувьд асуудал болж хувирдаг. Хүүхэд хөгжлийнхөө явцад халбага юунд хэрэгтэйг, хувцас өмсөхгүй бол даарахыг, үгэнд орохгүй бол загнуулахыг өөрийн амьдралын явцад, нэг бүрчлэн заалгах шаардлагагүйг ойлгодог.

Гэтэл аутизм гэх харилцааны эмгэгтэй хүмүүсийн хувьд нийгэмд биеэ авч явах чадвар сул, дийлэнх нь харилцаанд орж чаддаггүй тул наад захын бүх зүйлийг нэг бүрчлэн заах шаардлагатай. Аутизм гэдэг нь өвчин биш эмгэг учраас эдгэхгүй бас хэн нэгэнд халдахгүй гэсэн үг. Элдэв эм тариа нөлөөлөхгүй тул зөвхөн заслын хичээлээр аутизмтай хүүхдүүдийг хөгжүүлдэг.

Олон улсад дөрөвдүгээр сарыг Аутизмыг таниулах cap болгон зарлаж, олон нийтэд аутизмын талаарх эерэг ойлголтыг түгээхэд олон кампанит ажил хийдэг бол Монголд 2014 оноос хойш аутизмыг таниулах ажлуудыг дорвитой хийж эхэлсэн.

Хүний амьдралын гурав хүртэлх насанд илэрдэг энэхүү эмгэгийг Монгол Улсын хэмжээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн клиникийн их эмч Д.Энхтуяа оношилдог. Гэтэл оноштой болсны дараагаар түвшин тодорхойлох гэдэг том асуудал гарч ирдэг байна. 2017 оныг хүртэл гаднын улс орныг зорьж үнэлгээ хийлгэдэг байсан бол өнгөрсөн жилээс Монголд үнэлгээ хийж эхэлжээ.

ЭРХЭЛСЭН ХҮҮХДҮҮД ГЭЖ ЭНДҮҮРМЭЭР

Аутизм гэхээр шууд л гаднаасаа ямар нэг байдлаар танигдах байх гэж бодвол эндүүрэх. Харин энэ чинь эрхэлчихсэн хүүхэд байна даа л гэж ихэнх тохиолдолд харагдана. Тэр хүссэнээ авах гэж орилно, хүсэл нь биелэхгүй бол уйлна, зарим нь 4-5 нас хүрсэн ч ярихгүй, зарим нь ойлгогдохгүй хэлээр шулганах зэрэг нийтлэг төрх аутизмын үнэлгээ хийдэг байгууллагаар зочлоход ажиглагдсан юм. Тэд үнэлгээ хийлгэснээр танин мэдэхүйн төвшин, оюун ухааны чадвар зэрэг нь тодорхой болдог.

Ингэснээр хүүхэд бүрт тохирсон санал, зөвлөмжийн дагуу багш, эцэг эх хүүхэдтэй тохирсон арга барилаар ажилладаг байна. Буруу хаалга руу орох хүүхдээ дуудахад яг л сонсоогүй мэт цааш алхана. Харин дуртай хүүхэлдэйн киноны ая явахад шууд эргэж харах юм. Энэ бол харилцаанд орж чадахгүй байгааг мэдэж болох аутизмын энгийн шинжүүдийн нэг аж. Нэрээр нь дуудахад хариу үзүүлэхгүй байх, хүний нүд рүү харж харилцахгүй байх зэрэг нь хамгийн түгээмэл шинж.

Үүнээс цаашилбал хэт давтагдсан хөдөлгөөн хийх, хэл яриагүй байх, орчны өөрчлөлтөд хямрах зэргийг дурдаж болох юм. Аутизмтай хүмүүсийн 30 хүртэлх хувь хэл яриагүй байдаг гэсэн судалгаа бий.

ХӨНГӨН, ДУНД, ХҮНД, ЭДГЭДЭГ ЭСВЭЛ ҮГҮЙ

Энэ эмгэгтэй нүүр тулсан хүн бур ингэж өөрөөсөө асуудаг гэнэ. Яагаад заавал миний хүүхэд гэж, ямар төвшин юм бол, яавал эдгэх бол гэхчлэн. Одоогийн байдлаар манай улсад 470 орчим албан ёсны оноштой хүүхэд байдаг бол өнгөрсөн жилийн хугацаанд тэдгээрээс 100 гаруй нь үнэлгээ хийлгэж төвшингөө тодорхойлуулсан аж. Төвшин тодорхой болсноор эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ хэрхэн ажиллаж, хөгжүүлэх арга барилаа олдог байна.

Дэлхий дахинд эдгэрэх гэдэг ойлголт одоогоор байхгүй. АНУ-д 58 төрөлт тутмын нэг нь аутизмтай байгаа бол энэ тоо жил ирэх бүр ХДХВ, чихрийн шижин өвчний илрэлээс илүү хурдтай өсөж буй судалгааг “Autism Speaks" байгууллагаас гаргажээ. Тэгэхээр эм уух, эдгэрэх гэдгээс илүү хөгжүүлэх, зааж сургах гэдэг ойлголт давамгайлдаг байна.

АУТИЗМ БОЛ МАНАЙ УЛСАД ХАРЬЦАНГУЙ ШИНЭ ОЙЛГОЛТ

Аутизм бол манай улсад харьцангуй шинэ ойлголт. Энэ жилээс л хүмүүс нэр томьёог сонссон гэцгээж байна. Гэхдээ тэдний зарим нь дауны синдром, эсвэл хаа нэг сонссон ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй андуурах тохиолдол цөөнгүй. Тэд бол танигдах ямар нэг шинж тэмдэггүй. Харин тэдний хийх үйлдэл, гаргах зан авир л аутизмтай гэдгийг илтгэдэг. Монголд зураг авалтаа хийсэн “Морьтой жаал” баримтат киногоор олон хүн аутизмыг төсөөлдөг.

Харин дэлхий дахинд нэг ангит, баримтат, цуврал кинонуудаар олон нийтэд аутизмын эерэг ойлголтыг түгээдэг байна. Монголд албан ёсны онош тодруулдаг болсноор аутизмтай хүүхдүүдийн тоо огцом өссөн. 2014 онд зургаан гэр бүл бүртгэгдэж байсан бол одоо 470 орчим хүн байна. Тэдгээрээс 25 хувь нь гадаадад, үлдсэн нь Монголд онош тогтоолгосон байдгийг "Монголын аутизмын холбоо"-ноос өнгөрсөн сард танилцуулсан.

Энэ нь аутизмыг мэддэггүй байсан, онош нь тодорхойгүй хүмүүс илэрсэн байх сайн талтай ч, сүүлийн үед оношлогдох хүүхдийн тоо өссөн сөрөг тал бас бий. Дэлхийн хүн амын нэг хувь аутизмтай гэсэн тооцоолол ч байдаг. Тэдгээр иргэний тоо өсөх тусам улс орон бүрийн эрүүл мэнд, боловсрол төдийгүй бусад бүхий л салбарт энэ талын зохицуулалт хэрэгтэй болно. Үүнийг төрөөс бодлогоор зохицуулахаас өөр гарц байхгүй аж. Төрөөс онцгой сайн зохицуулалт хийсэн Япон, Швед тэргүүтэй улсууд.

Харин манайд нийгмийн халамжид хамруулах төрийн дэмжлэг одоогоор алга. тусгай сургалтын төв, боловсролын тэгш хамруулалт хамгийн их хэрэгтэй ба олон нийтийн эерэг ойлголт түүнээс ч дутахааргүй хэрэгтэй байдгийг “Монголын аутизм судлалын хүрээлэн" төрийн бус байгууллагын гишүүн дурдсан юм. Энэ эмгэгтэй тэмцэх бус таниулах гэдэг ойлголт дэлхий дахинд байдаг. Гарал үүслийн учир шалтгааныг одоо ч бүрэн тайлаагүй.

Гагцхүү орчны бохирдол, ураг эхийн хэвлийд байхад тархи нь гэмтэх, хүний өөр нэгэн хөгжил гээд дэвшүүлсэн олон таамаг бий. Гагцхүү үүдэл эсийн эмчилгээ судалгааны төвшинд явж буй. Харин бусад талаар заслын хичээлээс өөр аутизмтай хүнийг хөгжүүлэх арга одоогоор байхгүй байна. Тиймээс харилцаанд орохгүй байгаа, өөрийгөө тусгаарладаг хүүхдүүд эргэн тойронд тань байвал заавал мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөөрэй. Эрт илрүүлэх тусам илүү сайн хөгждөг эмгэг учраас тэр юм. Аутимзтай хүмүүс огт энгийн хүн шиг болж чадахгүй ч наян хувьд нь хүрэх боломжтойг судалжээ. Хамгийн чухал нь эрт илрүүлэлт нэн чухал аж.

Зураг