Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

ЕХ-ны 4.8 сая еврогийн санхүүжилттэй "Монголын худалдааг дэмжих" төсөл хэрэгжиж эхэллээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Европын Холбооны 4.8 сая еврогийн санхүүжилтээр 2021 он хүртэл хэрэгжих "Монголын худалдааг дэмжих" төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Гадаад Харилцааны Яамны Зөвшилцөл танхимд боллоо.

Уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой уг төсөл гурван бүрэлдэхүүн хэсэгтэй хэрэгжих аж. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн "Төслийн хүрээнд Монгол Улсын худалдааны оновчтой бодлогыг боловсруулах, худалдааг хөнгөвчлөх, экспортыг хөнгөвчлөх чиглэлээр бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах юм.

Манай улсын хувьд дийлэнх худалдаагаа хөрш орнуудтайгаа хийдэг. Нийт худалдааны 70 хувийг БНХАУ, 10 гаруй хувийг ОХУ, 11 хувийг Европын Холбоотой хийж байна.

Европын Холбооны улсуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр 7,200 нэр төрлийн бараа нийлүүлэх боломжтой хэдий ч энэ боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Үүнийг үр ашигтай ашиглахын тулд Монголд үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний стандартыг сайжруулах асуудал тавигддаг. Төслийн хүрээнд энэ чиглэлээр ажлууд хийгдэнэ" хэмээн ярилаа.

Улсын хэмжээний бодлого боловсруулахаас гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдний үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг олон улсын стандартад хүргэх чиглэлээр МҮХАҮТ ажиллах юм байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг "Бидний зүгээс эхний ээлжинд Европын Холбоонд гаргах бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллана. 

Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр "Экпортын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх" төсөл Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж дууссан. Энэ төслийн хүрээнд бид стандартын хуулиа батлуулаад, дагалдах журмуудаа боловсруулсан. Өнөөдрийн нээлтээ хийж байгаа "Монголын худалдааг дэмжих" төсөл өмнөх төслийн үргэлжлэл болон амжилттай хэрэгжих байх гэж харж байна. 

Европын Холбоо руу экспортолж байгаа бараа бүтээгдэхүүн маань ноос ноолуур, гар урлалын бүтээгдэхүүн, гэр гэх мэт цөөхөн нэр төрлөөр хязгаарлагдаж байгаа. Тиймээс бидний зүгээс аль болох нэр төрлийг олон болгох шинэ бүтээгдэхүүнүүдийг нээхээр зорьж байна. Тухайлбал, сарлагийн хөөвөр, малын гаралтай түүхий эдийг боловсруулж хийсэн органик гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг экспортлох боломж бий" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn