Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Дэлгэрмэнд: Сэтгэл хөдлөлөө бусадтай зохистой хуваалцана гэдэг нь өөрөө ур чадвар юм

А.Намуун, iKon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN
 

Оюуны чадварын IQ-н тухай бараг хүн бүхэн мэддэг боловч сэтгэл хөдлөлийн оюун ухаан болох EQ нь Монголд төдийлөн дэлгэрээгүй байна. Энэ талаар Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндтэй ярилцлаа.

-EQ гэж юу вэ?

-EQ буюу сэтгэл хөдлөлийн оюун ухаан нь харилцааны явцад сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг хэлдэг. Харилцаанд  хэн нэгэн өөрийгөө илэрхийлж, өөр нэгэн нь түүнийг нь хүлээн авч байдаг. Өөрийгөө зөв илэрхийлэх, бусдад өөрийгөө ойлгуулахад мөн ярилцаж буй хүнийг ойлгох зэрэг харилцааг ойлголцолд хүргэх хүчин зүйлс нь бүгд сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг тул ур чадварын хэмжээнд яригдах болсон.   

-EQ, IQ хоёрын ялгаа нь юу вэ?

-Аливаа хүний IQ-г маш хурдан шалгах боломжтой. Тест өгөхөд тухайн хүний логик сэтгэлгээ, оюун ухааны чадвар хэр байгааг тодорхойлж болно. Харин EQ нь тухайн хүний нийгмийн харилцааны чадвар, бусдын болон өөрийнхөө мэдрэмжийг удирдах чадвар, бусдад нөлөөлөх чадвар зэрэг шууд хэмжих боломжгүй хүчин зүйлсийг илэрхийлж байдаг. 

Орчин үед EQ чадварыг чухалчилдаг болсон шалтгаан нь IQ чадвараар шийдэгдэх боломжгүй асуудлуудыг EQ чадвар шийдвэрлэдэг гэдэг ялгааг гаргасантай холбоотой. Хамгийн шилдэг лидер болох, хамгийн тогтвортой гэр бүлийг бүрдүүлэхэд өндөр IQ хангалттай үзүүлэлт биш юм. Хүн хэчнээн өндөр IQ-тай байлаа гээд харилцаагаа нөхцөл байдалд тааруулж өөрчилж сураагүй бол амьдралд ирэх сорилтуудад бууж өгөх, эсвэл өөрийн давуу ашиглаж чадахгүй байх магадлалтай.

-Судалгаагаар бол хүний амжилтын түлхүүр IQ биш EQ-ээс илүү хамаардаг гэдэг. EQ нь амжилтад яг хэрхэн нөлөөлдөг юм бэ?

-EQ гэдэг нь сэтгэл хөдлөлөө удирдах чадвар. Үүнд бүх төрлийн сэтгэл хөдлөл орно. Дотор байдаг бүхий л мэдрэмжүүд айдас, гомдол, цөхрөл, баяр баясгалан, бусдаас ичих, өөртөө итгэлгүй байдал, бусадтай өөрийгөө харьцуулах гэх мэт. Эдгээрийг хэрхэн удирдах нь их чухал. 

Сэтгэл хөдлөлөө удирдана гэдэг нь баяр хөөрөө бусадтай хуваалцаж, зовлон жаргалаа өөртөө хадгалж үлдээнэ гэсэн үг биш юм. Харин эсрэгээрээ бусдаас өөртөө тусламж авах, бусдад өөрийн тусламжийг хүргэх чадвар гэж бас ойлгож болно.

Өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах гэхээр хүмүүс бүх сэтгэл хөдлөлөө хаах гэж ойлгодог талтай. Харин ч эсрэгээрээ, таагүй байгаа мэдрэмжүүдээ хэн нэгэнд ярих, хамгийн дотны хүндээ өөрийгөө илэрхийлэхийг хэлж байгаа юм. Баяр хөөр, гуниг зовлон зэрэг сэтгэл хөдлөлөө бусадтай зохистой хуваалцана гэдэг нь өөрөө ур чадвар юм.

Хүн өөрийнхөө болон бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг удирдаж сурах гэсэн хоёр чухал зүйл байдаг. Жишээ нь, найз нь гунигтай, гомдсон байвал хэрхэн инээлгэж сэтгэлийг нь засах вэ? Эсвэл баяр хөөртэй байгаа найздаа эрсдэл ирж байгааг анхааруулах зэрэг нь бусдын сэтгэл хөдлөлийг удирдах чадварт орно.

-Хэдэн насанд EQ хамгийн өндөр байдаг вэ?

- Өсвөр наснаасаа бид өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдахад суралцаж эхэлдэг. Энэ нь өөрийгөө удирдаж сурахад хамгийн их цаг зарцуулдаг нас юм. Харин бага насны хүүхдүүд хамгийн өндөр EQ-тэй байна. 

-Өөрийн EQ-г хэрхэн шалгадаг вэ? Хэр сайн гэдгийг нь хэрхэн мэдэх вэ?

-Тест бөглөж үзэж болно. Эсвэл өөрөөсөө нэг асуултыг асууж болно. “Ямар нэгэн асуудал тулгарсан үед та шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг уу?” Хэрвээ чадна гэдэгтээ итгэлтэй байвал EQ-гээ сайн удирдаж сурсан байна гэсэн үг. Харин чадахгүй мэт санагдаж байвал магадгүй бусдаас тусламж авч сураагүй, хэн нэгэн тусална гэдэгт итгэхгүй, мөн бусдад нөлөөлж чадна гэж бодохгүй байна гэсэн үг.   

Хэрвээ асуудлыг давж гарна гэдэг үнэхээр хүнд, давж гарахгүй мэт санагдаж байвал та өөрийн EQ сайжруулах, бусадтай харилцах харилцаагаа хөгжүүлэх боломжтой гэсэн үг. Тиймээс бусдаас тусламж авч, өөрийгөө илэрхийлж, сэтгэл хөдлөлөө удирдаж сурах хэрэгтэй. 

-Монгол хүүхдүүдийн EQ-ийн чадвар хэр байна вэ? Ийм төрлийн судалгаа хийгдсэн үү?

-Бид 2012 онд өсвөр насныхны дунд хотын төв болон захад амьдардаг хүүхдүүдийн сэтгэл зүйн чадвар ялгаатай байгаа эсэхэд судалгаа хийж байсан. Үр дүн нь байршлын хувьд ялгаа байхгүй, харин аав ээжээс шалтгаалах хүчин зүйлс хамгийн их нөлөөтэй байсан. Хаана амьдарч байгаагаас үл хамааран, эцэг эх нь анхаарал тавьж байгаа л бол тухайн хүүхдийн EQ чадвар нь өндөр байна. 

Аав ээж хүүхдэдээ хэр их цаг, сэтгэл гаргаж, хүүхдийнхээ дурсамжинд хэр их байхыг хүсэж байгаа зэрэг бүх зүйлсээс тухайн хүүхдийн чадварууд сайжирдаг. Хэрэв “Би мөнгөтэй, баян. Миний хүүхэд сайхан амьдарна” гэж бодож байвал энэ нь эцэг эхчүүдийн хамгийн том бодлын алдаа. 

Эсвэл “Би ядуу байна. Хүүхдийн маань EQ-ийн чадвар муу болно” гэж бодож байвал бас буруу. Хэчнээн ядуу байсан ч гэсэн хүүхдэдээ цаг гаргаж, анхаарал тавьж чадаж байвал таны хүүхэд бусдыг ойлгодог, бусдад нөлөөлдөг, бусдын өмнөөс бодох чадвартай удирдагч болж чадна гэсэн үг юм. 

Хүүхдийн мэдрэмжүүдийг эцэг эх нь бий болгоно. Эцэг эх нь хүүхдэдээ анхаарал сайн хандуулж, хайр халамжаар дутаахгүй бол хүүхдийн мэдрэмжүүд эерэг тал руугаа бий болдог.  

-EQ-г хэрхэн сайжруулах ёстой байдаг вэ? Ер нь сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж сурах вэ?  

- Өөрийн сэтгэл хөдлөлөө удирдахын тулд танд хэн нэгэн хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө ганцаарчлан удирдаж сурна гэдэг нь боломжгүй. Тухайн үүсч буй сэтгэл хөдлөлийг хэзээ илэрхийлэх вэ, хэзээ түүнийг өөр сэтгэл хөдлөл рүү хөрвүүлэх вэ, бусдад илэрхийлэхдээ юуг анхаарах вэ гээд олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь дадлага хийх хэрэгтэй. 

Тиймээс гомдол, үзэн ядалт, баяртай мэдээ бүгдийг нь хэн нэгэнд ярьж бай. Гэхдээ хоорондоо мессэж бичиж, чатлах биш юм. Бичих нь хамгийн үл ойлголцох магадлал өндөртэй харилцаа.  Тиймээс уулзаж ярилцсанаар асуудал илүү хурдан шийдэгдэнэ. Хамгийн үл ойлголцол багатай харилцаа бол уулзаж цуг сууж байгаад ярилцах юм.