Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан будааг цайруулснаас хойш аль болох богино хугацаанд хэрэглэх хэрэгтэй

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монголчуудын өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэг нь будаа юм. Сүүлийн үед будаатай холбоотой сөрөг мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр цацагдах болсон. Тодруулбал будааг гялгар уутаар хийдэг гэх мэт мэдээлэл гараад байгаа.  

Харин үүний хариуд МХЕГ-аас "Улаанбаатарт худалдаалагдаж байгаа цэгүүдээс будааны дээж авч, шинжилж үзэхэд хуурамч цагаан будаа гэдэг нь нотлогдоогүй. Цагаан будааны 80 хувь нь цардуул учраас шатамхай байдаг" гэсэн тайлбарыг өгөөд байгаа. Мөн МХЕГ-аас хийсэн хяналт шалгалтаар цагаан будааны агуулах, савлагааны хэсэг шаардлага хангаагүй, гарал үүсэл тодорхойгүй зэрэг зөрчил илэрчээ. 

Будааны нүдэнд В1, В12 зэрэг амин дэм, эрдсүүд агуулагддаг

Манай улс одоогоор БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Австрали, АНУ, БНСУ, Тайланд зэрэг 8 улсаас цагаан будаа импортолж байна. Нийслэлийн хэмжээнд цагаан будаа импортлогч 36 аж ахуйн нэгж байдаг ажээ.

Цагаан будаа импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөх болох "Эм Жэй Партнерс" ХХК-ийн Япон улсаас оруулж ирдэг будааг И-март худалдааны төвд иргэдэд цайруулж өгч байгаа үйлчилгээ анхаарал татсан юм.  

И-Мартад байрлуулсан будаа цайруулах төхөөрөмжөөр хэрэглэгч зөөлөн будаанд дуртай юу эсвэл хатуувтар будаанд дуртай юу гэдэг сонголтоосоо хамаараад зааврын дагуу будааг цайруулаад авах боломжтой юм байна.

Дашрамд дурдахад будааны нүдэнд В1, В3, В5, В6, В12 зэрэг амин дэмүүд, кальци, төмөр, магни, кали зэрэг эрдсүүд их хэмжээгээр агуулагддаг. 

Ингээд та бүхэнд будаатай холбоотой дараах зөвлөмжийг хүргэж байна. 

Япончуудын урт наслахын нууц нь цагаан будаандаа байдаг 

Манай улсын хэрэглэгчид харьцангуй хүнсний аюулгүй байдалд анхаардаг болсон. Эрүүл мэндийн талаас нь авч үзвэл илчлэгийн хувьд ялгаатай үзүүлэлттэй байдаг учраас хоолны дэглэм барьдаг, цагаан хоол хэрэглэдэг хүмүүс Япон будааг санаа зоволтгүй хэрэглэх боломжтой юм. Мөн бор будаа нь амин дэмүүдээр баялаг учир хүүхэд, өндөр настнууд хэрэглэхэд илүү тэжээллэг чанартай гээд олон давуу талтай.

Будааны хадгалалтын хувьд хальстай цагаан будаа нь өөрт агуулагдах тэжээллэг чанар, В1, В3, В5, В6, В12 зэрэг амин дэмүүд, кальци, төмөр, магни, кали зэрэг эрдсүүдээ алдаагүй байдаг. 

Будаа нь ургамал учраас бусад хүнсний ногооны адил шинэ тусмаа амттай байдаг. Япончууд будааг аль болох шинээр нь хэрэглэхийг эрхэмлэдэг.  Түүнчлэн Япончуудын урт наслахын нууц нь цагаан будаандаа байдаг гэж эрт дээр үеэс үзсээр иржээ.

Шинэ будааны давуу тал нь хоолонд хэрэглэхэд хагарахгүй, бутарч үйрэхгүй, наалдаж нялцайхгүй. Мөн будаанд тос, давс зэрэг элдэв амтлагч хийлгүй агшааснаар будааны өвөрмөц амтыг ялгаж таних боломжтой. 

 Будааны гарал үүслийг, хамгийн гол нь хугацааг сайн харж сонголтоо хийх хэрэгтэй

 

Будаагаа сонгохдоо юуны түрүүнд аль улсынх вэ гэдгээс илүү хэзээ үйлдвэрлэгдэж цайруулагдсан бэ гэдгийг хамгийн сайн харах хэрэгтэй. Монголд худалдаалагдаж буй зарим будаанууд үйлдвэрлэсэн огноо болон савласан огноог хамтад нь бичсэн байдаг.

Гэхдээ цагаан будааг цайруулснаас хойш аль болох богино хугацаанд хэрэглэх хэрэгтэй.

Ер нь шинэ будаа л хамгийн сайн гэсэн үг. Хятад, Солонгос, Вьетнамд ч гэсэн шинэ ургацын будаанууд байгаа. Гагцхүү манай улсад шинээрээ орж ирж байна уу гэдгийг хэрэглэгчид маань өөрсдөө анхаарах хэрэгтэй.

Гэвч манай улсын хэрэглэгчдийн хувьд аль улсад хэзээ тариалсан нь хамаагүй ч америк, япон, орос нэртэй будааг илүү чанартайд тооцдог ташаа ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл, япон нэртэй бүхэн япон будаа биш, орос нэртэй бүхэн орос будаа биш байдаг учраас гарал, үүслийг сайн харж сонголтоо хийх хэрэгтэй.

Будааг хэрхэн угааж хэрэглэх вэ?

Будааг заавал угааж хэрэглэх хэрэгтэй. Дор хаяж 3-4 удаа угаах шаардлагатай. Харин угаахдаа зөөлөн хутгах байдлаар зайлж угаагаарай. Хэтэрхий чанга үрж хутгах нь хэт их хатсан будааг үйрүүлдэг.

Мөн өөр сортын будаа бүр өөр өөр шинж чанартай учир будааны савлагаан дээрх зааврын дагуу усыг тааруулах хэрэгтэй. Бас зарим будаа агшаагчид өөр өөр будааг агшаах тохируулгуудыг ч ашиглаж болно.

Зах зээл дээр борлуулагдаж буй будааг хуванцар, нийлэг материалаар хийсэн эсэх дээр мэргэжлийн байгууллагаас тайлбар өгсөн. Манай улсад хуванцар будаа гэхээс илүүтэйгээр чанаргүй, хадгалалтын хугацаа нь дууссан будаа борлуулагддаг нь асуудал юм.

Статистик судалгаанаас үзэхэд манай улсад импортоор жилд 27,000 гаруй тонн цагаан будаа орж ирдэг. Үүний 13% нь хятад улсаас, 42% нь вьетнам улсаас, 40% нь орос улсаас орж ирдэг байна.

Будаа импортлогчид мэргэжлийн лабораториудаар цацраг туяаны шинжилгээ, хортон шавж, нян бактерийн зэрэг шинжилгээнүүдэд будаагаа хамруулах зайлшгүй шаардлагатай. Ингэснээр амт, чанартай эрүүл будаа хэрэглэх боломж бүрдэх юм.