2015 оны 9 сарын 2
Аав, ээжийнхээ гараас хөтөлж, багшдаа бэлэглэх баглаа цэцгээ тэвэрсэн сурагчид "Сант” сургуулийн гадаах талбайд цуглажээ.
19 жилийн арвин их түүхтэй “Сант” дунд сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт 11:00 цагт эхэлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Өдгөө тус сургуульд 1,400 гаруй сурагч суралцдаг бөгөөд нээлтийн арга хэмжээний үеэр эцэг эхчүүдийг төлөөлж Б.Энхболд үг хэлэв. Тэрбээр “Бидний үр хүүхдэд баяр хөөр, урам зориг төрүүлж байгаа “Сант” сургуулийн хамт олонд талархсан сэтгэлээ илэрхийлье. Бид хүүхдүүдийнхээ ааваа гэж дуудах бахархал нь, ээжээ гэж дуудах энэрэл нь юм. Бидний итгэлийн гэрэл, сэтгэлийн оч болсон хүүхдүүд маань үргэлж баяр баясгалантай, гэрэл гэгээтэй байх болтугай. Энэ бүхнийг цогцлоон бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Сант” сургуулийн хамт олондоо баярлалаа. Та бүхэн бол бидний гэр бүлийн нэгэн гишүүн юм. Тэр ч утгаараа “Сант” бол хүндлэл, хариуцлага, тэмүүлэл билээ” гэсэн юм.
Мөн шинэ хичээлийн жилийн нээлтэд “Гурван охин” хамтлаг уригдан ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн нь сурагчдад гэнэтийн бэлэг болсон.