Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын эрх баригчид бензин шатахууны экспортод бүрэн хориг тавилаа

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Энэ оны эхнээс Оросын дотоод зах зээлд бензин шатахууны үнэ ханш бараг 30 хувиар өссөн нь түүхэнд байгаагүй өндөр өсөлт болоод байна.

Үүнтэй холбогдуулан дотоод зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор бензин шатахууны экспортод бүрэн хориг тавьж байгаагаа тус улсын эрх баригчид өчигдөр буюу Даваа гарагт зарлажээ.

Тухайлбал наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл бензиний экспортыг бүрэн хориглосон байна.

“Ургац хураалттай холбоотой хөдөө аж ахуйн салбарын эрэлт нэмэгддэг цаг үе ирж байгаа тул дотоодын зах зээлийг тогтворжуулах зорилгоор” ийм арга хэмжээ авч байгаагаа Оросын засгийн газар тайлбарлажээ.

Энэ оны дөрөвдүгээр сараас хойш Оросын зах зээлд бензиний бөөний үнэ эрс өссөн юм. Тухайлбал Санкт Петербургийн түүхий эдийн бирж дээр энэ хугацаанд Аи-92 бензиний үнэ 29 хувиар өсөж, тонн тутам нь 65,000 рубль давжээ.

Аи-95 бензиний үнэ 28 хувиар өсөж, тонн тутамдаа 73,000 рубль хүрсэн нь 2023 оны зун тогтсон түүхэн дээд хэмжээг эвдсэн байна.

Долдугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Эрчим Хүчний сайд Сергей Цивилев хориг арга хэмжээний улмаас газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засварын ажилд хүндрэл тулгарсныг мэдэгдэж байжээ.

“Үйлдвэрүүдэд яагаад саатал гарч байна вэ? Учир нь хориг арга хэмжээнээс болоод дөрвөн сарын хугацаанд дуусах ёстой байсан засварын ажил саатаад байна. Зарим сэлбэг материал бидэнд олдохгүй байна” гэж тэр хэлж байв.

Өнгөрсөн онд Украины тал Оросын хамгийн том 10 газрын тосны үйлдвэрт дроноор халдсаны улмаас шатахуун үйлдвэрлэлийн хэмжээ нь сүүлийн 12 жилийн хамгийн доод түвшинд хүрч байжээ.

2025 оны зуны байдлаар Газпромын Астрахань дахь боловсруулах үйлдвэр, Сургутын үйлдвэр, Роснефтийн Куйбышевын боловсруулах үйлдвэр засвар удааширсны улмаас зогсоод байна.

Үүнээс гадна Самарын газрын тос боловсруулах үйлдвэр зургаадугаар сарын гарцаа бууруулсан нь бас хуваарьт засварын ажилд гарсан сааталтай холбоотой байв.

ОХУ-ын засгийн газар өмнө нь 2024 оны гуравдугаар сарын нэгнээс эхлэн бензин шатахууны экспортоо зогсоосон юм. Гэхдээ энэ хоригоос Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн орнуудыг, хувь хүмүүсийг, хүмүүнлэгийн тусламжийг чөлөөлж байв.

 

Эх сурвалж: The Moscow Times