Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутнууд 570 сая төгрөгөөр хохироод үлдэх үү

Н.Пунцагболд
2015 оны 9 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг

Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэчлэл өрнөж, хүн бүр л цахим систем болоод автобусны богино эргэлтийн учрыг олох гэж хэрэндээ л хичээж байна. Ерөнхийдөө шинэчлэлүүд богино хугацаанд ар араасаа өрнөж байгаа.

Эхлээд цахим төлбөрийн системд шилжсэн. Картныхаа учрыг олоогүй байж байтал гэнэт л автобусны чиглэл өөрчлөгдөж, богино эргэлттэй болсон. Автобусны чиглэлийнхээ учрыг олох гээд ядаж явтал энэ сарын 1-нээс картгүй бол 1,000 төгрөгөөр зорчих журам гараад ирэх нь тэр. Яг албан ёсоор ийм журам гарсан ч юм уу, үгүй ч юм уу л байгаа.

Гэхдээ л автобусны тасалбар түгээгчид зорчигчдоос 1,000 төгрөг нэхээд хэцүүхэн л байна. Энэ мэт шинэчлэлийн шуурганд хамгийн их өртөж, хохирч байгаа хүмүүс бол оюутнууд болчихоод байна. Тэр дундаа өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 89 мянган төгрөгөө хураалгаж, Төрийн банкны смарт карт захиалсан 64 мянган оюутан бүр ч ихээр хохирч байгаа юм. Яагаад гэвэл оюутнуудыг хавар захиалсан цахим картаар нь зохицуулахгүй байгаа. Уг нь наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн энэхүү карт оюутнуудын гар дээр очих ёстой байсан ч өнөөг хүртэл гар дээрээ аваагүй байгаа юм билээ. 

Тиймээс оюутнууд энгийн иргэдийн адил мөнгөөрөө зорчиж байна. Намар ирэхэд нь сургалтын төлбөр нь өч төчнөөн хувиар нэмэгдэж, гэнэтийн бэлэг барьсан. Гэтэл ядахад яр гэгчээр хөнгөлөлттэй үнээр зорчих эрхээ алдчихлаа, тэд. Уг нь Монголын оюутны холбооны нөхдүүд асуудлыг зохицуулж, хавар захиалсан картаар нь зорчуулна. Хавар карт захиалаагүй оюутнуудад зориулалтын шинэ карт авч өгнө гээд л “уран донгодоод” байсан.

Хэдхэн төгрөг биш, бүхэл бүтэн 570 орчим сая төгрөгийг оюутнуудаас хураагаад авчихсан. 

Гэтэл өнөөдөр байдал хэцүүдчихлээ. Уг нь 3,600 төгрөгийн үнэтэй Улаанбаатар смарт карт нь хүүхдийн, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, оюутны болон энгийн гэх төрлүүдтэй гээд байгаа.  Гэтэл өнөөдрийн байдлаар оюутнуудад зориулсан карт нь  тараагдаагүй байна.

Өнөөх зохицуулах гээд байсан МОХ ажлаа яагаад хийсэнгүй вэ гэдэг асуулт гарч ирж байна. Аргаа ядахдаа оюутнууд өчигдөр жагсч, хотын даргаас асуудлыг шийдэх өгөхийг шаардлаа. Зөв л алхам. Оюутан залуус эрхийнхээ төлөө жагсч, тэмцэх хэрэгтэй. Тэр дундаа өнгөрсөн хавар мөнгөө өгөөд, картаа захиалсан оюутнууд хохирч үлдэх ёсгүй шүү дээ. 

Хэдхэн төгрөг биш, бүхэл бүтэн 570 орчим сая төгрөгийг оюутнуудаас хураагаад авчихсан. Энэ мөнгө хаашаа орчихов. Хэрвээ төрийн банкны карт нь гарчихсан бол тарааж өгөөд, Нийтийн тээвэр болоод нийслэлтэй тохироод, асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэрвээ гараагүй бол тэр их мөнгө хаашаа орсныг тайлагнах цаг болсон. Өчигдөр МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаярыг ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр МУИС-ийн өмнөх талбайд халз мэтгэлцээнд дуудсан.

Тэр үеэрээ оюутнуудаас авсан олон сая төгрөг хаашаа орчихсон талаар асуусан. Гэтэл Д.Батбаяр өөрийнх нь нэр хүндийг унагаж, гүтгэн доромжилсон учраас шүүхэд өгнө гэж хэлчихээд явчихна билээ. Асуудал ийм л байна. Шалгадаг, үнэн мөнийг тогтоодог байгууллага байвал энэ асуудлыг нягталж үзэх цаг болсон байна. Оюутнууд даварч байгаа гэдэг ч энэ мэтээр хохирох учиргүй. 

Зураг